Эгэл ардын дунд үнэт зүйлээ бүтээж, хөдөлмөрийнхөө үр дүнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа хүмүүс олон бий. Тэдний нэг бол үндэсний гар урлалыг түгээн дэлгэрүүлж буй дархан Э.Түмэндэмбэрэл юм. Тэрээр тогтвортой, өндөр цалинтай ажлын байраа орхиж, сэтгэл зүрхээ зориулсан урлангийн ажлаа эхлүүлсэн нэгэн. Бид түүнтэй уулзаж, бүтээлийнх нь утга учир, үнэт зүйлсийн талаар ярилцлаа.
– Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийнхөө талаар товч танилцуулна уу?
– Сайн байцгаана уу. Юуны өмнө намайг урьж ярилцсан “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ныхонд баярлалаа. Намайг Э.Түмэндэмбэрэл гэдэг. Үндэсний гар урлалыг түгээн дэлгэрүүлэх ажлаа эхлүүлээд зургаан жил болж байна. Манай гэр бүл дөрвөн үеэрээ дархан байсан учраас би багаасаа л энэ урлагтай ойрхон өссөн.
Надад мэргэжлээрээ ажиллаад тогтвортой амьдрах боломж байсан ч би дуртай зүйлээ хийхийг илүүд үзсэн. Өнөөдөр цаг хугацааны ихэнхийг хөөрөг хийхэд зориулж байна.
– Мэргэжлээ орхиж, уран дархан болсон шийдвэртээ харамсах үе байсан уу?
– Үгүй ээ. Би анхнаасаа ашиг олох гэж үндэсний гар урлалд хандсангүй. Дархан хүн бүтээлээ бизнес болгох үед л сэтгэл нь гаждаг гэж боддог.
Миний хувьд хамгийн чухал зүйл бол миний хийсэн бүтээлийг эзэмшигч нь хараад сэтгэл хангалуун байх. Тэр хүн хэдэн үеэрээ хэрэглэж, үр хүүхэд нь нэрийг минь дурсаж яваасай гэж хүсэж хөөрөг хийдэг.
– Хөөрөг монгол зан заншилтай хэрхэн холбогддог вэ?
– Дэлхийн олон оронд хөөрөг хэрэглэдэг ч монголчууд шиг өв соёл болтол нь хэрэглэсэн улс байхгүй. Монголчуудын хийдэг хөөрөг нь өөрийн гэсэн өнгө, чулуу, ур хийцийн өвөрмөц онцлогтой.
Хөөрөг гэхээр зарим хүн зөвхөн ахимаг насны эрчүүд хэрэглэдэг гэж ойлгодог. Гэтэл өнөө үед хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр хөөрөг хэрэглэдэг болсон.
– Хөөрөгний чанарыг хэрхэн таньж мэдэх вэ?
– “Сайн хөөрөг усанд хөвдөг” гэж ярьдаг нь үндэстэй үг. Хөөрөгний доторх агаарын хэмжээ гаднах зузаанаасаа илүү байвал усанд хөвдөг, энэ нь ухалт сайн гэсэн үг.
Гэхдээ зарим нимгэн хөөрөг чанар муутай байдаг. Үүнийг таних нэг арга бол хамрын тамхины нунтаг хананд наалдаж байна уу гэдгийг ажиглах. Хэрвээ наалдахгүй, ханаа дагаж байвал тэр хөөрөг маш сайн хийцтэй гэсэн үг.
Одоогоор Монголд 100 орчим дархан хөөрөг хийдэг. Өмнөх үетэй харьцуулахад тоног төхөөрөмж сайжирсан нь чанар сайжрахад тус болж байгаа ч дархны торгон мэдрэмж орлож болохгүй зүйл юм. Багахан алдаа гаргавал чулуу хагардаг — хагарсан чулуу хэзээ ч эвлэдэггүй.
– Хөөрөгний түүхий эдээ яаж олдог вэ? Нэг хөөрөг хийхэд хэр их хөдөлмөр ордог вэ?
– Би хөөрөг хийхдээ монгол чулуу хамгийн ихээр ашигладаг. Бид 2000 км зам туулж, зорьсон газраа очоод 50 гаруй км-ийг чулуугаа үүрч алхдаг.
Гэхдээ олсон чулуу бүр хөөрөг болдоггүй. Авчирсан чулууны 30 хувь нь л шаардлага хангадаг. Тиймээс хөөрөг хийх ажил хүнд хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардсан урлаг юм.
– Байгалийн ил чулуу хэр элбэг байна вэ?
– Энэ тал дээр төр засгаасаа нэг зүйл гуймаар байна. Биднийг газар ухаж чулуу олборлодог гэж андуурах нь бий. Гэтэл бид зөвхөн газар дээр ил байгаа чулууг ашигладаг.
Эх орон, газар шороогоо хайрлах нь бидний ажлын салшгүй нэг хэсэг. Нэг шуудай чулуу л бидэнд жилдээ хангалттай. Гэвч сүүлийн жилүүдэд байгалийн чулуугаа портер портероор нь Хятад руу зөөж дуусгаж байна.
Жилийн өмнө очиход тал дүүрэн байсан байгалийн ил чулуунаас юу ч үлдээгүй байгааг хараад үнэхээр сэтгэл өвдсөн. Энэ асуудлыг анхаарч, байгалийн чулуугаа хамгаалж өгөөч гэж холбогдох байгууллагуудад хандаж байна.
– Тэгвэл хэн, ямар зорилгоор чулуу зөөж байгаа юм бэ?
– Ихэнх тохиолдолд нутгийн иргэд өөрсдөө зөөж байна. Мөнгөний төлөө байгалийн үнэт баялгаа худалдаж байгаагаа тэд ойлгохгүй байна.
Одоо арга хэмжээ авахгүй бол хэтэрхий оройтно. Монгол чулуу шиг өвөрмөц, үнэ цэнтэй материал өөр улсад байхгүй шүү дээ.
– Танд ойрын хугацаанд тавьсан зорилго, төлөвлөгөө бий юу?
– Өмнө нь үндэсний гар урлалыг нэг дор цуглуулсан “Үндэсний өв” урлан-г байгуулж байсан. Тэнд 16 төрлийн гар урлалч нэг дор хамтарч ажиллаж байлаа.
Харамсалтай нь цар тахлын үеэр санхүүгийн хүндрэл, бусад асуудал үүсэж, тус тусдаа ажиллах шаардлагатай болсон. Ирээдүйд боломж гарвал энэ хамт олноо дахин нэгтгэж, урлангаа улам хөгжүүлэхийг хүсэж байна.







