Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журам нь Монголын Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо (цаашид “Холбоо” гэх)-ны дүрмийн дагуу гишүүнээр элсэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Холбооны гишүүнээр Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгж болон хувь хүн нээлттэй элсэх боломжтой.
Хоёр. Гишүүнээр элсэх үйл явц
2.1. Материал бүрдүүлэх
Гишүүнээр элсэх хүсэлтэй этгээд дараах материалыг бүрдүүлнэ:
-
Албан хүсэлт: Холбооны Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан, гишүүнээр элсэх тухай хүсэлт бүхий албан бичиг.
-
Үйл ажиллагааны танилцуулга: Компанийн түүх, эрхэлж буй үйл ажиллагаа, амжилт, цаашдын зорилго, Холбоонд элсэх болсон шалтгааныг тусгасан товч танилцуулга. (Хувь хүн бол өөрийн товч намтар, танилцуулга)
-
Баталгаажуулах баримт бичиг:
-
Аж ахуйн нэгжийн хувьд — Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-
Хувь хүний хувьд — Иргэний үнэмлэхний хуулбар
-
2.2. Материал хүлээн авах, шийдвэрлэх
-
Хүсэлт хүлээн авах: Бүрдүүлсэн материалыг Холбооны ажлын албанд ирүүлнэ.
-
Хянаж, танилцуулах: Ажлын алба нь материалыг хянаж, Холбооны Удирдах зөвлөлд танилцуулна.
-
Шийдвэр гаргах: Удирдах зөвлөл нь хүсэлтийг хэлэлцэж, гишүүнээр элсүүлэх эсэхийг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
2.3. Гишүүний татвар төлөх
-
Гишүүнээр элсэх шийдвэр гарсан этгээд жил бүрийн гишүүний татварыг Холбооны банкны дансанд шилжүүлснээр гишүүнчлэл хүчин төгөлдөр болно.
-
Гишүүний жилийн татварын хэмжээг Удирдах зөвлөлөөс тогтооно.
Гурав. Гишүүний эрх, үүрэг
3.1. Гишүүний эрх
-
Холбооны үйл ажиллагаанд оролцох, санал бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргах үйл явцад оролцох.
-
Холбооноос зохион байгуулж буй сургалт, семинар, үзэсгэлэн, уулзалт зэрэг арга хэмжээнд оролцох.
-
Холбооноос гаргасан зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэг, туслалцааг авах.
-
Холбооны дүрмийн дагуу бусад эрхийг эдлэх.
3.2. Гишүүний үүрэг
-
Холбооны дүрэм, журам, шийдвэрийг чанд мөрдөх.
-
Жил бүрийн гишүүний татварыг тогтоосон хугацаанд төлөх.
-
Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, зорилго, үнэт зүйлд хувь нэмэр оруулах.
Дөрөв. Гишүүнчлэлээс хасагдах нөхцөл
4.1. Дараах тохиолдолд гишүүнчлэл хүчингүй болно:
-
Гишүүнээр үлдэх хүсэлгүй болсон тухайгаа албан бичгээр мэдэгдсэн.
-
Гишүүний жилийн татварыг хоёр жил дараалан төлөөгүй.
-
Холбооны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан, эсвэл дүрмийг ноцтой зөрчсөн.
-
Хуулийн дагуу үйл ажиллагаа нь зогссон.
4.2. Гишүүнээс хасах шийдвэрийг Холбооны Удирдах зөвлөл гаргана.