All-in-One Solution

Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн эрх ашиг, бизнесийн орчны асуудлаар УИХ-ын дарга С.Бямбацогттой уулзалт хийж, шийдвэрлэх гарцыг хэлэлцлээ

Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдал, бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, төрөөс хэрэгжүүлэх бодлого, дэмжлэгийн асуудлаар Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбооны Удирдах зөвлөлийн гишүүд төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нар оролцож, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсон хэлэлцэв.

Уулзалтын үеэр холбооны Удирдах зөвлөлийн гишүүд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд бодитоор тулгарч буй хүндрэлүүдийг хөндөн ярилцлаа. Тухайлбал, үйлдвэрлэлийн зээлийн өндөр хүү, урт хугацаатай санхүүжилтийн хүртээмжгүй байдал, төрийн худалдан авалтад үндэсний үйлдвэрлэгчдийн оролцоо хангалтгүй байгаа асуудал, татвар болон нийгмийн даатгалын ачаалал, мэргэжлийн ажиллах хүчний хомсдол, үйлдвэрлэлийн зориулалттай газрын хүртээмж зэрэг асуудлыг онцлон тавив.

Мөн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, импортын бараатай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих, экспортын чиг баримжаатай үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг бизнес эрхлэгчид онцолсон юм.

Уулзалтад оролцогчид жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбар нь ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд стратегийн ач холбогдолтой болохыг тэмдэглэж, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болохыг санал нэгтэйгээр илэрхийллээ.

Төрийн байгууллагын төлөөллүүд бизнес эрхлэгчдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг холбогдох бодлого, хууль эрх зүйн хүрээнд судалж, шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо цаашид гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтмол хамтран ажиллах болно.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих