
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна. 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй энэхүү дэлхийн хэмжээний уулзалтад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 197 Талын төлөөлөгчид төдийгүй төр, бизнес, иргэний нийгмийн удирдагчид, эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, малчид, тариаланчид нэгдэн дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй цөлжилт, газрын доройтол, ган, ус болон хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.

“ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ, ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ” уриан дор өрнөж буй COP17 нь зөвхөн байгаль орчны асуудлыг хэлэлцэх хурал бус, харин газар нутаг, ус, хүнс, амьжиргаа, эдийн засаг хоорондоо салшгүй холбоотойг харуулж, бодит шийдлийг хамтын ажиллагаа, инноваци, технологи, санхүүжилтээр дэмжих дэлхийн хэмжээний талбар болж байгаагаараа анхаарах, ач холбогдол өгөх, амлалт горьдох бус үр дүн хүлээх томоохон хэлэлцүүлэг юм.
Монголын Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр: Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгож, үндэсний үйлдвэрлэлийг дэмжээд зогсохгүй байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах, хаягдал болон нөөцийн үргүй зарцуулалтыг бууруулах, дахин боловсруулах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр үйл ажиллагаандаа шинэ шийдлүүдийг нэвтрүүлсээр байна. Өөрөөр хэлбэл хүнсний аюулгүй байдал, хөрсний доройтол цөлжилт, усны хомсдол зэрэг байгалын, нийгмийн, улс орны томоохон асуудлууд нь том том төсөл хөтөлбөр, үр дүнтэй дүнгүй хэлцэл хурал зэргээр шийдэх асуудал биш өдөр тутмын тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Монголын олон мянган баялаг бүтээгчдийн ажлын байрнаас эхлэх асуудал юм.

Монгол Улсын нийт газар нутгийн ойролцоогоор 77 хувь нь газрын доройтолд өртсөн гэх UNCCD мэдээлэл бий. Бид эх орондоо COP17-ыг зохион байгуулж буй энэ цаг үед үндэсний үйлдвэрлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оролцоо онцгой ач холбогдолтой. Учир нь Монгол орны өргөн уудам газар нутагт тулгамдаж буй цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээрийн даац, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал бус, иргэдийн амьжиргаа, үйлдвэрлэл, эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой юм.
Тиймээс COP17-ын хүрээнд оролцож буй Монголын жижиг дунд үйлдвэрлэгчдийн ажлыг олон нийтэд хүргэх нь маш чухал. Бид “Баялаг бүтээгч ба COP17” цувралаараа COP17-ын хүрээнд үйл ажиллагаагаа танилцуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг өдөр бүр онцлон хүргэнэ.

- Тэд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
- Байгалийн ямар нөөцийг ашигладаг вэ?
- Түүхий эдээ хэрхэн зөв зохистой ашиглаж, хэрхэн үнэ цэн болгон боловсруулж байна вэ?
- Үйлдвэрлэлийн явцдаа байгаль орчинд ээлтэй ямар технологи, шийдэл нэвтрүүлсэн бэ?
- Хаягдал, ус, эрчим хүчний хэрэглээг хэрхэн бууруулж байна вэ?
- Хөрс, бэлчээр, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд ямар хувь нэмэр оруулж байна вэ?
- Мөн цөлжилт, ган, хүнсний хомсдол, газрын доройтол зэрэг ирээдүйн сорилтыг бизнесийнхээ хүрээнд хэрхэн харж, ямар шийдэл эрэлхийлж байна вэ?
Эдгээр асуултын хариуг тухайн байгууллагын бодит үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, технологи, санаачилгатай нь холбон хүргэх болно.



Бид COP17-ын “Ногоон бүс”-ийн 22 дугаар павильонд байрлан үйл ажиллагаа, байгууллагын танилцуулга, бүтээгдэхүүн, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн шийдлүүдээ олон нийт болон хуралд оролцогчдод танилцуулж байна.