Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо (ЖДҮҮ Холбоо)-ны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн баасан гарагт буюу 2026 оны тавдугаар сарын 15-ны өдөр “OBSERVE Consulting” ХХК-ийн төлөөлөл, менежментийн зөвлөх Ч.Солонготой уулзалт зохион байгуулж, хүний нөөцийн менежмент, байгууллагын хөгжлийн чиглэлд тулгамдаж буй асуудлууд болон хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүний нөөцийн тогтвортой байдал, чадварлаг ажилтан бэлтгэх, ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, байгууллагын бүтээмж болон менежментийн чадавхыг сайжруулахтай холбоотой нийтлэг асуудлуудыг хэлэлцлээ.
Мөн эдгээр асуудлыг шийдвэрлэхэд зөвлөх үйлчилгээ, сургалт хөгжлийн тогтолцоог хэрхэн үр дүнтэй ашиглах талаар чөлөөт ярилцлага өрнүүлж, цаашид хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, бүтээмжийн удирдлага болон сургалтын чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон.
“OBSERVE Consulting” ХХК нь “Үнэ цэн бүтээж, тогтвортой хөгжилд хөтөлнө” урианы дор үйл ажиллагаа явуулдаг Монголын тэргүүлэгч менежментийн зөвлөх байгууллагын нэг бөгөөд байгууллагын менежмент, хүний нөөц, стандартын хэрэгжилт, сургалт хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Тус компани зөвлөх үйлчилгээгээ:
- Оношилгоо
- Шийдэл боловсруулалт
- Шийдэл хэрэгжүүлэлт ба сургалт
- Үр дүнгийн хэмжилт гэсэн дөрвөн үе шаттай, үр дүн нь нотлогдсон процессоор хэрэгжүүлдэг бөгөөд байгууллагад бодит, хэмжигдэхүйц үр дүн бий болгоход чиглэн ажилладаг аж.
“OBSERVE Consulting” нь олон салбарын байгууллагатай хамтран ажилласан туршлагатай зөвлөхүүд, сургагч багш нараас бүрдсэн багтай бөгөөд олон улсын шилдэг туршлагыг Монголын бизнесийн орчинтой уялдуулсан арга зүйгээрээ байгууллагын бүтээмж, тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.