All-in-One Solution

Гадаадаас хууль ёсны ажиллах хүч зуучлах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ

LB Platinum Line ХХК-ийн Харилцагчийн менежер Б.Өлзийбат “ЖДҮҮ Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй болон “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны гишүүдтэй өнгөрсөн 5 дахь өдөр буюу 05/15/2026-нд уулзалт хийж, гадаадаас хууль ёсны ажиллах хүч зуучлах, хүний нөөцийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтад барилга, оёдол, төмөр хийц, шингэн хүнс, хувцас болон тавилга үйлдвэрлэл, мэдээллийн лавлах үйлчилгээ зэрэг олон салбарын төлөөлөл идэвхтэй оролцов. Бизнес эрхлэгчдийн зүгээс өнөөгийн зах зээлд хамгийн тулгамдсан асуудал болоод буй хүний нөөцийн хомсдол, түүнийг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй чөлөөтэй ярилцлаа.

Талууд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тогтвортой, чадварлаг ажиллах хүч татан төвлөрүүлэх нь бизнесийн тасралтгүй ажиллагаа болон өсөлтөд шийдвэрлэх нөлөөтэйг онцоллоо. LB Platinum Line ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд, хүний эрхийг дээдлэн, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсон хүчнийг нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Тус компани нь АНУ, Бангладеш, Индонез, Непал, Тайланд, Филиппин болон Европын холбооны улсуудын итгэмжлэгдсэн байгууллагуудтай түншлэлийн харилцаатай ажилладаг. Мөн зөвхөн ажиллах хүч нийлүүлээд зогсохгүй, ажил олгогчдод зориулсан хууль зүйн зөвлөгөө, гадаад улсад ажиллах, суралцах сонирхолтой иргэдэд зориулсан зуучлал болон англи хэлний сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг туршлагатай хамт олон юм.

Энэхүү хамтын ажиллагаа эхэлснээр дотоодын үйлдвэрлэгчдийн өмнө тулгардаг хүний нөөцийн асуудлыг олон улсын жишгийн дагуу, хууль ёсны хүрээнд шийдвэрлэх шинэ боломжууд нээгдэж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих