Жижиг, дунд үйлдвэрийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний шинэ боломжийг нээх зорилготой “Баялаг бүтээгч–Гадаад бизнес тур” арга хэмжээ амжилттай боллоо.

ЖДҮҮ Холбооноос зохион байгуулж буй энэхүү бизнес аяллын хүрээнд оролцогчид 2026 оны тавдугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын байгаль орчны ногоон байгууламж, экологийн нөхөн сэргээлтийн салбарын тэргүүлэгч “Inner Mongolia Grassland Group Co., Ltd.” (Mengcao) компанийн үйл ажиллагаатай танилцаж, дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг судаллаа.

“Inner Mongolia Grassland Group” нь өвсний үрийн технологиор дагнан үйл ажиллагаа явуулдаг Хятад улсын цорын ганц бүртгэлтэй компани бөгөөд салбарын инноваци, судалгааны үзүүлэлтээрээ дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг.
Тус компани нь экологийн нөхөн сэргээлт, цөлжилтийн эсрэг шийдэл, уул уурхайн эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн цогц системийг хөгжүүлэх чиглэлээр олон улсын хэмжээнд жишиг болсон туршлагыг нэвтрүүлж байна.

Компания 2,300 гаруй зүйлийн 65,000 орчим үрийн дээж, 170,000 гаруй ургамлын сорьц бүхий генетик нөөцийн сан байгуулсан байна. Үүнээс гадна 1.65 сая хөрсний дээжийн сантай бөгөөд энэхүү мэдээллийн сан нь тухайн бүс нутгийн хөрс, ургамлын онцлогт тохирсон нөхөн сэргээлтийн шийдлийг боловсруулах үндэс болдог ажээ.

Тус компани салбартаа тэргүүлэх 30 гаруй улсын болон мужийн түвшний судалгааны платформ ажиллуулж, 100 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуультай хамтран ажиллаж байна. Ингэснээр экологийн нөхөн сэргээлт, ногоон технологийн чиглэлд шинжлэх ухаанд суурилсан инновацын шийдлүүдийг тогтмол хөгжүүлдэг байна.
Mengcao компани ус, хөрс, агаар, амьтан, ургамал, бичил биетний өгөгдөлд тулгуурласан Big Data технологийг ашиглан тухайн бүс нутгийн онцлогт тохирсон “захиалгат үрийн багц”-ыг боловсруулдаг.

Энэхүү шийдлийг цөлжилтийн эсрэг тэмцэл, уул уурхайн нөхөн сэргээлт болон экологийн доройтолд орсон бүсүүдийг сэргээхэд үр дүнтэй ашиглаж байгааг танилцууллаа.
Түүнчлэн өдөрт 30,000 метр элсний хаалт байгуулах хүчин чадалтай элс тогтоогч машин, өндөр хурдны үрлэгч зэрэг 1,300 гаруй тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн механикжуулсан нь оролцогчдын анхаарлыг татсан юм.

“Баялаг бүтээгч–Гадаад бизнес тур” арга хэмжээ нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олон улсын шилдэг туршлагаас суралцах, шинэ түншлэл бий болгох, ногоон хөгжил болон тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломжийг олгож байна.