ЖДҮҮ Холбооноос зохион байгуулж буй “Баялаг бүтээгч–Гадаад бизнес тур” аялал 5 дугаар сарын 9–15-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөххот болон Жинин хотуудад үргэлжилж байна. Тус аялалд Ашид баялаг ХХК, Сүүн зайрмаг ХХК, Урин брэнд ХХК, Хас охь групп ХХК болон бусад байгууллагын төлөөлөл оролцож, үйлдвэрлэл, логистик, ханган нийлүүлэлт болон бизнесийн хамтын ажиллагааны чиглэлээр туршлага судалж байна.

Аяллын хүрээнд оролцогчид дараах үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудтай танилцаж, судалгаа хийж байна. Үүнд:
- Сүүний үйлдвэртэй танилцах, сургалт болон үйлдвэрлэлийн судалгаа хийх
- Нарийн боовны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах
- УБ–Улаанцав–Улаан-Үүдийн чиглэлийн карго үйлчилгээний төвийн үйл ажиллагааг судлах
- Сав, баглаа боодлын үйлдвэртэй танилцах
- Улаанцавын арьс ширний худалдааны төвд судалгаа хийх
- Ногоон байгууламжийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах

Энэхүү гадаад бизнес аялал нь оролцогчдод үйлдвэрлэлийн бодит үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, шууд нийлүүлэгч болон түнш байгууллагуудтай холбоо тогтоох, импорт, карго, логистикийн талаар практик ойлголт авах зэрэг олон давуу боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Мөн шинэ бүтээгдэхүүн, шинэ бизнес санаа эрэлхийлэх, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэх, бизнесээ өргөжүүлэх боломжийг бодитоор олгож байгааг оролцогчид онцолж байна.