All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны “Баялаг бүтээгч-Гадаад бизнес тур” аялал амжилттай үргэлжилж, “Лангэгэ” үйлдвэрээр зочиллоо 

ЖДҮҮ Холбооноос зохион байгуулж буй “Баялаг бүтээгч-Гадаад бизнес тур” бизнес аялал 5 дугаар сарын 9-нөөс 15-ны хооронд үргэлжилж байна. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Жинин хотод байрлах, сүүний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Лангэгэ” үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

1988 онд байгуулагдсан тус үйлдвэр нь Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүний салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд орчин үеийн автоматжуулсан үйлдвэрлэлийн систем, инновацад суурилсан хөгжлөөрөө онцлог юм. Үйлдвэрийн бүс нь 11.8 га талбайг хамардаг бөгөөд өдөрт 300 тонн шинэ сүү боловсруулах хүчин чадалтай.

“Баялаг бүтээгч-Гадаад бизнес тур” аялалд оролцогч нар маань үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр түүхий эд хүлээн авалт, боловсруулалт, савлагаа, чанарын хяналтын бүхий л шат дамжлага бүрэн автомат системээр явагдаж буйг үзэж сонирхов. “Лангэгэ” компани нь бага температурт тараг үйлдвэрлэх дэвшилтэт технологийг ашигладаг бөгөөд бүтээгдэхүүний чанар, шим тэжээлийг хадгалахад онцгой анхаарч ажилладаг байна.

Мөн тус компани “Өвөр Монголын хээр талын тарагны судалгаа, хөгжүүлэлтийн төв”-ийг байгуулан, сүүн бүтээгдэхүүний технологийн шинэчлэл, бактерийн омгийн судалгаа болон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаа танилцууллаа. Өнөөдрийн байдлаар тус компани 50 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, нийт 37 улсын патент эзэмшиж байгаа нь инновацын чиглэлд өндөр түвшинд хүрснийг илтгэж байна.

Үйлдвэрийн борлуулалтын орлого сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байгаа бөгөөд 2026 онд хөрөнгийн зах зээлд IPO гарган, “Хээр талын тарагны анхны хувьцаат компани” болох зорилго тавин ажиллаж байна.

Энэхүү танилцах аялал нь МЖДҮҮ Холбооны гишүүдэд орчин үеийн сүүний үйлдвэрлэлийн технологи, автоматжуулалтын шийдэл болон чанарын удирдлагын тогтолцооны талаар бодит ойлголт өгч, цаашдын хамтын ажиллагаа, туршлага солилцох шинэ боломжийг нээсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих