Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан (AI) зөвхөн туршилтын шатанд байсан технологи биш болж, жижиг дунд бизнесүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодитоор нэвтэрч эхэллээ. Энэ өөрчлөлт нь өрсөлдөөний суурь ойлголтыг хүртэл шинэчилж байна.
National Australia Bank-ийн эдийн засгийн судалгаагаар Австралийн ЖДҮ-ийн 42 хувь нь аль хэдийн AI ашиглаж байгаа бол нэмэлт 14 хувь нь нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь AI-г туршиж үзэх зүйл биш, харин бизнесийн хэвийн хэрэгсэл болж байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч 44 хувь нь огт ашиглахгүй хэвээр байгаа нь зах зээлийн томоохон хэсэг өрсөлдөх чадвараа сулруулж болзошгүйг илтгэнэ.

AI-ийн хэрэглээ зөвхөн техникийн нарийн салбарт төвлөрөхгүй байна. Харин маркетинг, борлуулалтын салбарт хамгийн өргөн буюу 51 хувь, үйл ажиллагаа ба ложистикт 39 хувь, харилцагчийн үйлчилгээнд 25 хувь ашиглагдаж байна. Эдгээр нь бизнесийн орлого, зардал, хэрэглэгчийн туршлагад шууд нөлөөлдөг гол чиглэлүүд юм.
AI нэвтрүүлж буй бизнесүүдийн хувьд зорилго нь том өөрчлөлт хийх биш, харин цаг алдаж буй хэсгүүдийг оновчлох явдал байна. Жишээлбэл, үнийн санал хурдан гаргах, санхүүгийн мэдээллээ илүү тодорхой харах, давтагддаг ажлуудыг автоматжуулах зэрэг нь бодит үр дүн авчирч байна. Энэ нь үйл ажиллагааны түвшинд харагдавч, үнэндээ зах зээл дээрх өрсөлдөх чадварт шууд нөлөөлдөг.
Нэг нийлүүлэгч нөгөөгөөсөө хурдан хариу өгч, илүү тодорхой мэдээлэл өгч чадвал худалдан авагчийн сонголтод нөлөөлнө. Хэрэглэгчид AI ашиглаж байна уу гэдгийг асуухгүй ч илүү хурдан, илүү найдвартай үйлчилгээ үзүүлж буйг анзаарч байна. Энэ нь шинэ стандарт болж эхэлж байна.
Салбарын хувьд ялгаа ажиглагдаж байна. Санхүү, бизнесийн үйлчилгээ, үл хөдлөхийн салбарууд AI-г илүү хурдан нэвтрүүлж байгаа бол үйлдвэрлэлийн салбар 35 хувьтай, жижиглэн худалдаа үүнээс ч бага түвшинд байна. Гэхдээ энэ нь AI хэрэглэх боломжгүй гэсэн үг биш, харин хэрхэн бодит ажилд хэрэгжүүлэх ойлголт дутмаг байж болохыг харуулж байна.
Бодит жишээнүүдээс харахад AI нэвтрүүлэхэд заавал том хөрөнгө оруулалт шаардлагагүй. Зарим бизнесүүд санхүүгийн дүн шинжилгээ, үнийн санал боловсруулах, шинэ ажилтан onboarding зэрэг энгийн ажлуудаас эхэлж, дараа нь маркетинг, борлуулалт, үйл ажиллагаанд өргөжүүлж байна.
Энд хамгийн чухал асуулт гарч ирж байна. Асуудал нь боломжгүйдээ биш, харин хаанаас эхлэхээ мэдэхгүйд байгаа юу?
AI-г ашиглахгүй байх зардал нь шууд харагддаггүй ч бодитой. Зах зээл дээрх хурд, хариу үйлдэл, мэдээллийн чанар шинэ түвшинд очиж байна. Хэрэв бизнес энэ өөрчлөлтөөс хоцорвол хэрэглэгч, түншүүдийн хувьд “удаан” эсвэл “төвөгтэй” гэж үнэлэгдэх эрсдэлтэй.
AI-ийн талаархи яриа ихэвчлэн технологид төвлөрдөг ч амжилттай хэрэгжүүлж буй бизнесүүд асуудалд төвлөрч байна. Тэд хаана цаг алдаж байна, хаана шийдвэр гаргалт удааширч байна гэдгийг олж тогтоогоод, AI-г тэр хэсэгт ашиглаж байна.
Засгийн газрууд ч ЖДҮ-үүдэд AI нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг нэмэгдүүлж эхэлж байгаа нь энэ чиг хандлага цаашид улам хүчтэй болохыг харуулж байна.
Үйлдвэрлэлийн салбарын хувьд энэ нь маш тодорхой асуулт болж хувирна. Эрэлт таамаглах, үйлдвэрлэлийн төлөвлөлт, хэрэглэгчийн асуултад хариулах, дотоод бичиг цаасны ажил зэрэг хаана удаашрал үүсэж байна вэ?
Хэрэв зах зээлийн тал хувь нь аль хэдийн энэ чиглэлд шилжиж, үлдсэн хэсэг нь шилжихээр бэлдэж байгаа бол AI нь сонголт биш, харин стандарт болж байна.
Тэгэхээр гол асуудал нь AI хэрэглэх эсэх биш, харин хэзээ нэвтрүүлэх вэ, мөн тэр хугацаанд бизнес тань өрсөлдөөнд хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт оршиж байна.
Эх сурвалж : Restaurant and Cafe