
Гаалийн байгууллага “Тод Оймс” ХХК- д 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ”-ийн (АЕО) гэрчилгээг олголоо.

“Гаалийн Итгэмжлэгдсэн Аж Ахуйн нэгж”-ийн хөтөлбөр нь хууль сахилт өндөртэй, гаалийн болон аюулгүй байдлын стандартыг хангаж ажилладаг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт олгодог юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Гаалийн байгууллага БНХАУ, БНСУ-ын гаалийн байгууллагатай 2019 онд Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Өнөөдөр дэлхийд энэхүү хөтөлбөрт 100 гаруй орон нэгдэж, худалдааны дийлэнх хувь нь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хооронд хийгдэж байна.
”Тод Оймс” ХХК нь сарлаг, тэмээний хөөвөр, ноос, ноолуур, хөвөн даавуугаар олон улсын чанарын шаардлага хангасан оймс, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолдог. Жилдээ 600тн хонины ноос, 30 тн сарлагийн хөөвөр, 50 тн тэмээний ноос, 8 тн ямааны ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд байгальд ээлтэй, инновацид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Гаалийн байгууллага цаашид “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийг өргөжүүлж жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй болон эмэгтэй бизнес эрхлэгчид, ногоон эдийн засгийг дэмжих чиглэлд илүү анхаарч ажиллахаар зорилт тавин ажиллаж байна.