АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл үргэлжилж байна.
Энэ удаагийн чуулганаар дэлхий нийтэд тулгамдаж буй усны хомсдол, хүнсний аюулгүй байдал, мөн уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдлыг бууруулах инновацлаг шийдэл олох асуудлыг онцлон хэлэлцэж байна.
Монгол Улсын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумыг хамарсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан хэрэгжүүлж байгаа. Уг хөдөлгөөн нь 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилт дэвшүүлсэн “Хүнсний хувьсгал”-ын бодлогын хүрээнд хэрэгжиж буй бөгөөд энэхүү санаачилга нь олон улсын түвшинд ч сайшаал хүртэж байна.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр Нью-Йорк хотод болж буй салбар хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид болон салбарын удирдагчид оролцож, инновацлаг шийдэл, бодит стратегийн талаар санал солилцож, дэлхийн хүнс, усны аюулгүй байдлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байна.
Салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хямрал, мөргөлдөөний үед дэлхийн хүнс, усны системийн эмзэг байдал, түүнийг даван туулах уян хатан, тэсвэртэй байдлын талаар хэлэлцэх юм.
Түүнчлэн хямралын үеийн туршлага, сургамжуудыг хуваалцаж, геополитикийн өөрчлөлт болон уур амьсгалын гэнэтийн нөлөөллийн үед хүнс, усны тогтолцоог хэрхэн хамгаалах, тогтвортой байлгах бодлого, түншлэл-ийн талаар хэлэлцэнэ.
НҮБ-ын мэдээлснээр, дэлхийн хүн амын гуравны хоёр нь жилд дунджаар дор хаяж нэг сарын турш усны хомсдолд өртдөг байна. Энэ нь хүнсний аюулгүй байдал болон тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд томоохон сорилт үүсгэж буйг онцолжээ.
Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөмтгий орнуудын нэг бөгөөд бэлчээрийн доройтол, уур амьсгалын хатуу нөлөө зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд малын тоо толгойноос илүү чанарт суурилсан үйлдвэрлэл, эрүүл хүнсний чанарт анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хэлэлцсэн олон улсын чуулганууд Монголд болон гадаадад зохион байгуулагдсан. Тухайлбал, энэ оны наймдугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх нөлөө” сэдэвт олон талын уулзалт болсон бөгөөд Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ой-д зориулсан юм.
Мөн есдүгээр сарын 7-нд Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд “Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулган” зохион байгуулагдаж, хөгжлийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид хамтран Үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг хэлэлцсэн.
Энэхүү чуулганд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэд сайд Г.Түвдэндорж, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Ч.Даваабаяр, Б.Даваадалай, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нар оролцсон юм.
Үүнээс өмнө, 2023 оны долдугаар сарын 24-нд Италийн Ром хотноо болсон Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр оролцож, хүнсний аюулгүй байдлын талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр болсон “Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт”-ын үеэр мөн хүнсний аюулгүй байдал, усны хомсдлын асуудлыг хөндөж, дэлхийн хэмжээнд тулгамдаж буй сорилтыг даван туулах технологийн болон хамтын ажиллагааны шийдлүүдийг эрэлхийлсэн юм.
Ерөнхийлөгчийн зүгээс “Сүүлийн 30 жилд технологийн хурдацтай хөгжил өрнөсөн ч дэлхий даяар ядуурал нэмэгдэж, 2005 оноос хойш өлсгөлөн хамгийн дээд түвшинд хүрсэн” хэмээн онцолж, хүнсний аюулгүй байдлыг дэлхийн хэмжээнд тэргүүлэх зорилт болгох шаардлагатайг уриалж байлаа.





