Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарын 100 жилийн ой болон шинэчлэгдэж буй Нийтлэг үйлчилгээний журам-ын талаар ярилцлаа.
– 100 жилийн түүхтэй худалдаа, үйлчилгээний салбарынхан цар тахлын улмаас хүндрэл бэрхшээлийг туулж байна. Нийслэлийн хувьд энэ салбарынхны оролцоо ямар байна вэ?
– Монгол Улсын худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт ойн хүрээнд олон ажил төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшлогдсон нь бий.
Орчин цагийн худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжөөд 100 жил болж байна. Хэрвээ түүхийг сөхвөл Хүннүгийн үеэс улбаатай, маш урт хөгжлийн замналтай. Худалдаа, арилжаа, хоол үйлдвэрлэл гэдэг бол хүний амьдралын хамгийн анхны харилцаа билээ.
Ойн хүрээнд салбарынхаа түүхийг харуулсан ном, кино бүтээлүүд гарсан. Судалгаагаар тус салбарын 74 хувь нь нийслэлд төвлөрч, нийт ажиллагсдын 81 хувь нь Улаанбаатарт ажиллаж, амьдарч байна.
2020–2021 онд “Ковид-19” цар тахлын улмаас салбарынхан багагүй бэрхшээл туулсан. Гэсэн ч нийслэлийн удирдлагууд энэ хугацаанд худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг тууштай баримталж ирсэн.
– Худалдаа, үйлчилгээний салбарт хэчнээн аж ахуйн нэгж багтаж байна вэ? Тэднийг дэмжих чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
– Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарт нийт 18,664 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын улмаас учирч буй хүндрэл бэрхшээлийг бууруулах үүднээс нийслэлийн зүгээс 17 чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Хамгийн онцлох ажлын нэг нь “Хариуцлагын гэрээ” байгуулж, гэрээний дагуу үе шаттайгаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж, хэвийн горимд оруулах арга хэмжээ авсан явдал юм.
– Энэ салбарт ажиллагсдын дагаж мөрддөг “Нийтлэг үйлчилгээний журам”-д өөрчлөлт орж байгаа гэсэн. Шинэчилсэн журмын гол онцлог юу вэ?
– “Нийтлэг үйлчилгээний журам”-ыг шинэчлэн боловсруулж байна. Уг журмыг өмнө нь гурван удаа шинэчилсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 онд өөрчлөлт орсон байдаг.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар нийслэл өөрөө энэхүү журмыг баталж, хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Тиймээс бид журмын шинэчилсэн найруулгыг боловсруулж, ирэх оны эхэнд НИТХ-д өргөн барьж батлуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Шинэчлэгдэж буй журмаар хэд хэдэн шинэлэг зүйлсийг тусгаж байгаа. Тухайлбал, “ая тухтай дэлгүүр” гэсэн шинэ төрөл, нэр томъёог журамд оруулсан. Урьд нь энэ төрлийн үйлчилгээ манайд байгаагүй бол одоо CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн үйлчилгээг энэхүү ангилалд хамруулж байгаа юм.
Мөн томоохон зах, худалдааны төв, түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийн зохицуулалтыг журманд тусгаж байгаа. Ингэснээр худалдаа, үйлчилгээний салбарын бүх түвшний үйл ажиллагаа илүү тодорхой, уялдаа холбоотой болно.
– Нийтлэг үйлчилгээний журмыг бусад стандартуудтай уялдуулж байгаа юу?
– Манай салбарын хоол үйлдвэрлэл, жижиглэн худалдааны стандартууд хамгийн сүүлд 2019 онд шинэчлэгдсэн. Тиймээс шинэ журам нь эдгээр стандартуудтайгаа уялдсан байдлаар боловсруулагдаж байна.
Мөн бид иргэдийн саналыг авч, оролцоог хангаж байгаа. Иргэд нийтлэг үйлчилгээний журмын төсөлтэй танилцаад саналаа өгөх боломжтой. Ийнхүү олон талын оролцоотойгоор боловсруулж буй шинэ журам нь нийслэлийн худалдаа, үйлчилгээний салбарын цаашдын хөгжил, хариуцлагыг нэг шат ахиулах ач холбогдолтой гэж үзэж байна.