Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалан ажилладаг Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо-ны Гүйцэтгэх захирлаар “Бүрэн цутгамал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хуульч мэргэжилтэй, докторант Бадгар овогтой Батдэлгэр дахин томилогдлоо.
Тэрээр тус холбооны ууган гишүүд, анхны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд холбооны үйл ажиллагаанд олон жилийн турш идэвхтэй оролцож, баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашиг, бизнесийн орчныг сайжруулах чиглэлд тууштай ажиллаж ирсэн эрхэм юм.

Б.Батдэлгэр нь өмнө нь Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд энэ удаад холбооныхоо Гүйцэтгэх захирлын албан тушаалд хоёр дахь удаагаа томилогдон ажиллах гэж байна. Түүний удирдлагын туршлага, хууль эрх зүйн мэдлэг, бизнесийн салбар дахь бодит оролцоо нь холбооны цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулна хэмээн салбарынхан онцолж байна.
Тэрээр мөн холбооны Тэргүүлэгч гишүүнээр ажиллаж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж байсан бөгөөд түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн холбооны “Хүндэт гишүүн” батламжаар шагнаж байжээ.
Барилга, бүтээн байгуулалтын салбарт олон жил ажилласан туршлагатай Б.Батдэлгэр нь “Бүрэн цутгамал” ХХК-ийг үүсгэн байгуулж, олон мянган айлын орон сууц, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай бизнес эрхлэгчдийн нэг юм. Үүний зэрэгцээ хууль, эрх зүйн чиглэлээр судалгаа хийж буй докторантын хувьд бизнесийн орчин, баялаг бүтээгчдийн эрх зүйн хамгаалалт, тогтвортой хөгжлийн асуудалд онцгой анхааран ажилладаг байна.
Шинээр дахин томилогдсон Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр цаашид үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн дуу хоолойг төр, хувийн хэвшлийн түвшинд илүү хүчтэй хүргэж, үйлдвэрлэл, экспорт, инновац, хөрөнгө оруулалтыг дэмжих бодит ажлуудыг хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.
Түүний томилгоог холбооны гишүүд “туршлага, зарчим, бүтээн байгуулалт, манлайллыг хослуулсан сонголт” хэмээн үнэлж, холбооны үйл ажиллагаанд шинэ эрч хүч авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна.