ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалд оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын бүрэлдэхүүнд “Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд багтан оролцож байна.
Тус айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын харилцаа холбоог шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.

Айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан бизнес форумд “Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр үг хэлж, Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагын талаар онцлон тэмдэглэлээ.
Тэрээр илтгэлдээ хоёр улсын баялаг бүтээгчдийн харилцан туршлага солилцох, хамтарсан үйлдвэрлэл хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай хамтын ажиллагааг дэмжих нь чухал болохыг дурдсаны зэрэгцээ ЖДҮ эрхлэгчдийг бодлогоор дэмжих, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах боломж өргөн байгааг онцолсон байна.

Мөн айлчлалын хүрээнд ЖДҮҮ-ийн салбарын төлөөллүүд Казахстаны ижил төрлийн байгууллага, бизнес эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцээр хийж, үйлдвэрлэл, үйлчилгээ, инновац, технологийн чиглэлээр туршлага солилцохын зэрэгцээ харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судалж байна.
“Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо”-ны зүгээс энэхүү айлчлалд идэвхтэй оролцож, гишүүн байгууллагуудынхаа гадаад харилцааг өргөжүүлэх, шинэ зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

Энэхүү төрийн айлчлал нь Монгол, Казахстаны бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, баялаг бүтээгчдийн түншлэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.