All-in-One Solution

Хүн дүрст роботууд хагас марафонд хүний дээд амжилтыг давж, технологийн шинэ эрин эхэлж буйг харууллаа

2026 оны 4 дүгээр сарын 19- нд буюу өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдсан хүн дүрст роботын хагас марафон уралдаан энэ салбарын хөгжлийн хурдыг тод харуулсан онцлох үйл явдал боллоо. Энэ удаагийн тэмцээнд оролцсон роботууд тамирчдыг гүйцэж түрүүлсэн нь хиймэл оюун ухаан, робот техникийн чадамж шинэ шатанд хүрснийг илтгэж байна.

Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан уг тэмцээний үеэр ихэнх роботууд замаа дуусгаж чадаагүй бөгөөд аварга робот 2 цаг 40 минутын амжилт үзүүлж байсан нь хүнээс удаан байв. Харин энэ жил оролцогч багуудын тоо 20-оос 100 гаруй болж өсөөд зогсохгүй, роботын гүйцэтгэл эрс сайжирч, зарим нь мэргэжлийн гүйгчдээс илүү хурдтай байлаа.

Тэмцээний ялагч роботыг Хятадын технологийн компани Honor бүтээсэн бөгөөд 21 км замыг 50 минут 26 секундэд туулж, хагас марафоны хүний дэлхийн дээд амжилтыг давсан үзүүлэлт тогтоов. Энэхүү амжилт нь Уганда улсын тамирчин Jacob Kiplimo-ийн өмнө нь тогтоосон рекордоос ч илүү хурдтай байснаараа онцлог юм.

Ялагч багийн инженер Ду Шяоди уг роботыг нэг жилийн хугацаанд хөгжүүлсэн бөгөөд хүний гүйх техникийг дуурайлган 90–95 см урт хөлтэй, мөн өндөр ачаалал даах шингэн хөргөлтийн системээр тоноглосон гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, хурдны үзүүлэлт нь зөвхөн спортын амжилт биш, харин үйлдвэрлэлийн технологид нэвтрэх боломжийг нээж буй чухал алхам ажээ.

Энэ жилийн тэмцээний онцлох нэг үзүүлэлт нь роботуудын бие даасан навигац байв. Оролцогчдын бараг тал нь 21 км замыг ямар нэг алсын удирдлагагүйгээр туулсан нь хиймэл оюун ухааны алгоритмын хөгжилд томоохон дэвшил гарсныг харуулж байна.

Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, ийм төрлийн туршилтууд нь роботын хөдөлгөөний тогтвортой байдал, орчныг таних чадвар, эрчим хүчний үр ашиг зэрэг суурь технологийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Гэсэн хэдий ч эдгээр ололтуудыг үйлдвэрлэлийн өргөн хэрэглээнд шууд нэвтрүүлэхэд гарын нарийн хөдөлгөөн, бодит орчинд ажиллах чадвар зэрэг олон сорилт байсаар байна.

БНХАУ нь хүн дүрст роботын салбарт дэлхийн тэргүүлэгч болох зорилт тавин, бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд энэхүү тэмцээн нь тус улсын технологийн чадавхыг олон улсад харуулсан чухал индэр болж байна.

Шинжээчид цаашид хүн дүрст роботууд үйлдвэрлэл, аюултай орчин дахь ажил, тэр бүү хэл батлан хамгаалах салбарт хүртэл өргөн хэрэглэгдэх боломжтой гэж үзэж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих