ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Чанцалдуламын санаачилгаар “УСНЫ БААТАР” клубыг улсын хэмжээнд нийт 330 цэцэрлэгт албан ёсоор эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөр нь бага насны хүүхдүүдэд усны зөв хэрэглээ, шүдний зөв арчилгаа, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ юм.

Төслийг хэрэгжүүлэх хүрээнд JCI Grand, Urgana, Хүүхэлдэйн театр, Боловсролын Ерөнхий Газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж, хүүхдүүдэд ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр мэдлэг олгох, дадал хэвшүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Ялангуяа уран бүтээлийн болон танин мэдэхүйн арга барилыг хослуулснаараа онцлог бөгөөд хүүхэд бүрийн оролцоог дэмжсэн байдлаар хэрэгжиж байгаа нь үр дүнг нэмэгдүүлж байна.

“УСНЫ БААТАР” клуб нь зөвхөн мэдээлэл түгээхээс гадна хүүхдүүдийг өдөр тутмын амьдралдаа зөв дадлыг хэрэгжүүлэгч, улмаар гэр бүл, орчиндоо эерэг нөлөө үзүүлэгч болгон төлөвшүүлэх зорилготой. Ингэснээр өнөөдрийн хүүхдүүдийг маргаашийн ус, эрүүл мэндийн зөв хэрэглээг эрхэмлэгч хариуцлагатай иргэд болгон бэлтгэх урт хугацааны ач холбогдолтой юм.

Энэхүү санаачилга нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагааны бодит жишээ болж, хүүхдийн эрүүл мэнд, боловсролын салбарт үнэтэй хөрөнгө оруулалт болж байна.