Эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж буй Монголын Жижиг, Дунд Үйлдвэрлэл, үйлчилгээний Холбооны баялаг бүтээгч захирлууд нэгдэн, эвлэлдэн зохион байгуулж буй “Баялаг бүтээгч – Спорт наадам- IY” өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээ нь бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, багийн уур амьсгалыг сайжруулах зорилготой бөгөөд ЖДҮҮХолбооны удирдах зөвлөлийн захирал гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Нээлтийн үеэр оролцогчид эв нэгдэл, хамтын манлайллын үнэ цэнийг онцлон тэмдэглэж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж буй залуу захирлуудын идэвх санаачилга, оролцоог өндрөөр үнэлж байлаа. Тэд зөвхөн бизнесийн салбарт амжилт гаргахаас гадна нийгмийн хариуцлага, хамтын соёлыг түгээн дэлгэрүүлж буй нь энэ удаагийн наадмаас тод харагдаж байна.

Тэмцээн уралдаануудыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, спортын дүрэм журмын дагуу шударга өрсөлдөөнийг хангах зорилгоор туршлагатай шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс эмч, эмнэлгийн баг тасралтгүй хяналт тавин ажиллаж байгаа нь онцлог болж байна.

Энэ удаагийн спорт наадамд төрөл бүрийн спортын төрлүүд багтсан бөгөөд баг тамирчид ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна. Үүнээс гадна оролцогчдын харилцаа, нөхөрлөл, туршлага солилцоо идэвхтэй өрнөж, арга хэмжээний үнэ цэнийг улам нэмэгдүүлж байгаа юм.

“Баялаг бүтээгч – Спорт наадам” нь зөвхөн спортын өрсөлдөөн төдийгүй бизнес эрхлэгчдийн эв нэгдэл, хамтын манлайллын илэрхийлэл болж байгаа юм.

Оролцогч нийт баг тамирчдад амжилт хүсэж, шударга өрсөлдөөн, сайхан дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлэхийг хүсье. БАЯЛАГ БҮТЭЭГЧ БАГ, ХАМТ ОЛОНД СПОРТЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.