“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдаж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож байна.


Азидаа хамгийн том хүнсний үзэсгэлэн болох 51 дахь удаагийн FOODEX Japan 2026 Япон улсын Токио хотноо “Big Sight” үзэсгэлэнгийн төвд /2026.03.10/ нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я. Эрдэнэсайхан нар оролцлоо.

Дэлхийн 80 гаруй улсын 3000 гаруй аж ахуйн нэгж, брэндүүд оролцдог, үзэсгэлэнг үзэхээр 80,000 гаруй зочид ирдэг ба бизнесийн харилцаа холбоогоо олон улсад өргөжүүлэх боломжтой юм.
Монголын 50 гаруй баялаг бүтээгчид тус үзэсгэлэнг үзэж, туршлага судалж байна.
- “Монос хүнс” ХХК (Чацарганы бүтээгдэхүүн, барагшуунтай бүтээгдэхүүн)
- “Боса Кондитер ХХК (SHI-RA шар сүүний амттан)
- “Арвайн Үндэс” ХХК (Khan, Chass шар айраг, Соёлт, Sayan, Aurora wave архи)
- “Булган Мах Маркет” ХХК (Адууны мах)
- “Цайдам Трейд” ХХК (Бурамхан брэнд, Ингэний сүүтэй чихэр)
- “Төгс Уураг” ХХК (Хөлдөөж хатаасан тараг)
- “Есөн од” ХХК (Шоколад)
- “Шидэт хүнс” ХХК (Баяжуулсан жигнэмэг) зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцож байна

Гадаадын худалдан авагчидтай шууд бизнес уулзалт хийх, Япон төдийгүй дэлхийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг мэдэх, брэндийн үнэ цэнийг нэг дор нэмэгдүүлэх боломж олгодог бөгөөд экспорт, импортын өсөлт болон шинэ түнш олж авахад шууд нөлөөлнө.