Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын санаачилгаар салбарын хэмжээнд 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд салбар болон байгууллага хоорондын уялдааг хангах, бодлогын шинэчлэлийн талаар санал, зөвлөмж гаргах зорилготой “Хувьсан өөрчлөгдөх ХӨДӨЛМӨР” форум арга хэмжээг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн нээлтээ хийлээ.
Мөн хөдөлмөрийн зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд бэлэн байж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нотолгоонд суурилан шинэчилж, хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ.


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд: Хүүхэд асран хүмүүжүүлэх хөдөлмөрийн үнэлэмж бий болгох, ажлын байранд цалин хөлс эрэгтэйчүүдийнхээс бага байгаа зэрэг эмэгтэйчүүдэд учирч буй асуудлуудыг шийдвэрлэх;
Мэргэжлийн зөрүүтэй ажиллах хүчин 53 хувьд хүрч, эрэлт нийлүүлэлтийн харьцаа алсарсаар байгааг бодлогын тохируулга хийж засч, залуучуудыг тасралтгүй ажлын байртай байх боломжийг бүрдүүлэх;
Ахмад настнуудыг зохистой ажлын байраар хангаж, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлнэ.

Тус яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байна. Хуулийн төслийн шинэчлэлийн гол чиглэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд кейс менежментийн аргачлалыг нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоог их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо болгон зориулалт, хэрэглээг өргөжүүлэхэд анхаарч байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, ажил олгогч, ажил хайгчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх болон хуулийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээг бэхжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох юм.