17-р жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Тод оймс” ХХК-ийн захирал Б.Баяржаргал нь улс орныхоо үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа.

Тэрээр оймсны үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлж, импортын бүтээгдэхүүнийг орлох, өдөр тутмын өргөн хэрэглээний барааг эх орондоо үйлдвэрлэх ажлыг тууштай хэрэгжүүлэн, чанар стандарт хангасан үндэсний брэндийг бий болгосон юм. Үйлдвэрлэлдээ орчин үеийн технологи, түүхий эдийн зохистой сонголтыг нэвтрүүлж, тогтвортой ажлын байр бий болгохын зэрэгцээ дотоодын хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.

Мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тэдний дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж иржээ. Бизнесийн орчныг сайжруулах, үйлдвэрлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөгөө, хамтын ажиллагааны ажлуудыг тогтмол зохион байгуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитоор дэмжин ажилласныг төр засгаас өндрөөр үнэлсэн байна.

🎉 БАЯР ХҮРГЭЕ ЖДҮҮ Холбооны нийт гишүүд, хамт олон, баялаг бүтээгчдийн нэрийн өмнөөс
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Баяр танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлс нь улам өргөжин тэлж, үндэсний үйлдвэрлэл, эх орны хөгжилд оруулах хувь нэмэр тань улам их байхыг хүсэн ерөөе.
Шинэхэн гавьяат маань шагналаа Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авсанд бид бүхний бахархал нэмэгдэж байна.