Олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний манлайлал, нийгэм-эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлэн алдаршуулдаг IWEC (International Women’s Entrepreneurial Challenge) байгууллагаас олгодог “Олон улсын эмэгтэй Entrepreneur-2026” нэр хүндтэй шагналыг ЖДҮҮ холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Юргана Индастри” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Чанцалдулам хүртлээ.

Тус шагнал нь дэлхийн улс орнуудад бизнесээ амжилттай хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, инноваци нэвтрүүлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй эмэгтэй манлайлагчдыг шалгаруулдгаараа олон улсад өндөр нэр хүндтэйд тооцогддог.

Ч.Чанцалдулам нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тогтвортой ажлын байр бий болгох, мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд энэхүү амжилт нь Монгол Улсын ЖДҮ эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хөдөлмөрийг олон улсын түвшинд үнэлэгдэж буй чухал үйл явдал болж байна.

ЖДҮҮ холбооны зүгээс Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Чанцалдулам танд олон улсын нэр хүндтэй энэхүү шагналыг хүртсэнд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Таны энэхүү амжилт нь Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдэд урам зориг өгч, үндэсний үйлдвэрлэлийг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.