Зарим бизнес том оффисоос бус, орцны хонгилоос эхэлдэг. “Говь эрдэнэ кашмер”-ийн үүсгэн байгуулагч Ц.Удвалын түүх ч үүний тод жишээ. “Говь” ХК-ийн оёдлын цехээс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр үйлдвэрлэлийн сахилга бат, чанарын үнэ цэнийн чухлыг сайн мэддэг нэгэн. Ээж болсныхоо дараа “олж авсан туршлагаа хэрхэн үнэ цэн болгох вэ?” гэсэн асуултыг өөртөө тавьж, бизнес эхлүүлэх шийдвэрт хүрчээ.

2010 онд орон сууцны хонгилд ердийн гар машинаар эхэлсэн оёдлын бизнес нь өнөөдөр 120 гаруй ажилтантай, жилд 300 мянга орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр болон тэлжээ. Анхнаасаа чанарыг нэгдүгээрт тавьж, технологийн алхам бүрийг өөрөө хянаж ирсэн нь түүнийг экспортлогч болгох суурь болсон. Одоо бүтээгдэхүүн нь АНУ, Европ, Солонгосын хэрэглэгчдэд хүрч, Канадын зах зээлд өөрийн “Герден” брэндийн дэлгүүр нээхээр зэхэж байна.

Өсөлтийн цаана санхүүгийн сахилга бат, банкны шат дараалсан дэмжлэг, технологийн зоригтой шинэчлэл бий. Оёдолгүй нэхэх технологи, QR код ашиглан ил тод байдлыг хангадаг туршлага, малчидтай тогтвортой хамтарч ажилладаг зэрэг нь түүнийг “зүгээр томрох бус, ухаалгаар өссөн” компанийн жишээ болгожээ. Ц.Удвалын философи энгийн: Монголын жижиг дунд үйлдвэрүүд дотооддоо хоорондоо бус, дэлхийд хамт өрсөлдөх ёстой.