All-in-One Solution

“Алсалсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төсөлд 450 гаруй багшийг хамруулна

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газрын санхүүжилтээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй “Алсалсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх гэрээг байгуулжээ.

Уг гэрээг байгуулах үйл ажиллагааны үеэр Боловсролын сайд П.Наранбаяр хэлсэн үгэндээ 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангиас англи хэлийг нэмэлт хөтөлбөрөөр судлахад төслийн эхний үе шатны үр дүн ихээхэн дэмжлэг үзүүлснийг онцлов.

Боловсролын яамны мэдээлснээр, төслийн эхний үе шат энэ оны эхээр хэрэгжүүлж, Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймгийн бүх сумын 320 гаруй англи хэлний багшийг 100 гаруй цагийн сургалтад хамруулжээ. Оролцогч багш нарын 39 хувь нь англи хэлний түвшнээ бодитоор ахиулжээ. Мөн дээрх аймгуудын англи хэлний ярианы 15 клубт 540 гаруй сурагч хамрагдаж, гурван аймгийн 26 сургуульд 126 ширхэг цахим төхөөрөмж хүлээлгэн өгч, сургалтын цахим орчныг дэмжсэн байна.

“Алсалсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хоёрдугаар үе шатыг Булган, Архангай, Хөвсгөл, Хэнтий, Дундговь аймагт хэрэгжүүлж, 450 гаруй англи хэлний багшийн хэлний болон заах ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ шинэ ментор багш нарыг бэлтгэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих