Г.Одонзаяа: Одоогийн 10 жил бол суурь тавигдсан үе. Харин дараагийн 10 жилдээ бид Чинээлэг дундаж баялаг бүтээгч нарыг бий болгохын төлөө бүгд зүтгэх ёстой.

- Таны жижиг дунд, бизнес эрхлэх санаа сэдэл хаанаас эхэлж байсан бэ?
Би маш багаасаа бизнес эрхэлж эхэлсэн. Манай ээж бизнес сэтгэлгээтэй, мундаг дайчин эмэгтэй байсан бөгөөд намайг 5 дугаар ангиасаа эхэлж бизнес эрхлүүлсэн. Би хөдөөний малчин айлын хүүхэд. Сургуулийн дотуур байранд амьдарч байхдаа бизнесийнхээ гарааг эхлүүлсэн юм. Хамгийн анх 50 төгрөгний гөөхий, 70 төгрөгний напелионоос бидний бизнес эхэлж байлаа.
Өнөөдөр би өөрийн гэсэн худалдаа үйлчилгээний жижигхэн цэгтэй. 2015 оноос эхлэн Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо байгуулагдсан цагаас эхэлж, энэ олон сайхан баялаг бүтээгч нартай нэгдэн нийлж, 10 жилийн хугацаанд тасралтгүй маш олон зүйлийг хийж бүтээж ирлээ. Өөрийн хувийн үйлдвэрлэл, үйлчилгээнээс гадна олон сайхан баялаг бүтээгч нарыг төлөөлж явдаг. Одоо дотооддоо төдийгүй гадаадын зах зээл рүү бас нэлээн тэлж ажиллаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэй гэж өөрийгөө боддог.
- Зургаан хүүхдийн ээж, алдарт эх хүн, хүүхдүүдээ өсгөөд, хажуугаар нь яаж бизнесээ амжуулдаг вэ? Залуу бизнес эрхлэгч нартаа зөвлөгөө өгч болох уу?
Баярлалаа. Би зургаан хүүхэдтэй (3 хүү, 3 охин). Энэ олон сайхан хүүхдүүдийнхээ хажуугаар ажлаа амжуулна гэдэг бол ээжүүдийн хувьд хүндхэн. Гэхдээ сайхан ээж, аав, хань, сайхан гэр бүлийн хүчинд авч явж байна. Дээрээс нь би өөрөө тархины фитнесийн багш дасгалжуулагч, Олон улсад 5-р зэрэгтэй. Тархины фитнес маань өөрөө маш их ажлыг амжуулах гайхалтай хүч маань болж өгдөг.
- Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсанд баяр хүргэе?
Маш их баярлалаа. Би 10 жилийн хугацаанд хөдөлмөрч, бүтээлч, хийсэн бүтээсэн хүмүүсийг төрийн одон медалиар тодорхойлж явсан байна. Өөрөө Ерөнхийлөгчөөс төрийн хүндтэй одон медал авна гэдэг бол их нэр төрийн хэрэг байлаа. Ерөнхийлөгчөөс авсан медалиа зүүгээд ирсэн. Үнэхээр гоё мэдрэмж байна. Маш их талархлаа.

- Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны Баянзүрх дүүргийн салбар хорооны даргаар ажиллаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгвөл?
10 жилийн өмнө, одоогоос 10 насаар залуухан, эрч хүчтэй бүсгүй энэ ажлыг эхэлж байлаа. Тухайн үед юугаа ч мэдэхгүй анх Офицеруудын ордонд хурлаа хийж байсан. Хурлаас 11 төлөөлөгч сонгогдоод анх тэргүүлэгчээр 2-3 жил ажиллаад, дараа нь салбар хорооныхоо даргын ажлыг аваад, тэргүүлэгч 11 гишүүнтэйгээ 10 жил тасралтгүй зүтгэж ирлээ. Хамт зүтгэсэн оюунлаг тэргүүлэгч нартаа, ялангуяа Үрлээ эгч, Батдэлгэр даргадаа баярлалаа гэж хэлмээр байна.
Энэ хугацаанд маш их зүйлийг хийсэн. Баялаг бүтээгч нарыг үзэсгэлэн худалдаа, тэр дундаа цагаан сарын үзэсгэлэн худалдаанд уриалан дуудаж, олон том захуудаар үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байсан нь маш их амжилт авчирсан. Мөн Авдар брэндтэй маш их хамтарч ажилладаг байсан. Ерөнхий захирал нь Солонгос улсад амьдарч байгаа ч гэсэн саяхан миний нэг арга хэмжээн дээр төлөөллөө явуулж хүндэтгэл үзүүлж байсан. Энэ нь бидний 10 жилийн өмнө тавьж байсан суурь өдийг хүртэл үргэлжилж байгааг илтгэнэ.
- Баянзүрх дүүргийн хэмжээнд хэчнээн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байдаг вэ?
Ер нь бол Монгол улс даяар яг идэвхтэй үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг 101,837 баялаг бүтээгч нар байдаг. Үүний 20,000 үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг цэг нь манай Баянзүрх дүүрэгт байна. Яагаад гэхээр манай дүүрэг том газар нутагтай, хүн ам ихтэй. Бас Нарантуул, Дүнжингарав, Баялаг худалдааны төв зэрэг том зах, худалдааны төвүүд манай дүүрэгт байдаг. Үүнийг дагаад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг баялаг бүтээгчид маань маш их байдаг.
- Та ирээдүйн төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцвал?
Саяхан бид Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд холбооны 10 жилийн ойг тэмдэглэлээ. Тэгэхээр бид дараагийн 10 жилийг харах ёстой. Одоогийн 10 жил бол суурь тавигдсан үе. Харин дараагийн 10 жилдээ бид Чинээлэг дундаж баялаг бүтээгч нарыг бий болгохын төлөө бүгд зүтгэх ёстой. Манай баялаг бүтээгч нар үнэхээр тууштай, үнэнчээр, халуунд халж-хүйтэнд хөрч өөрсдийнхөө төлөө бөгөөд улс эх орныхоо төлөө чамбай ажиллаж чадаж байна гэж би бодож байна. Тэгэхээр энэнд бас дуу хоолойгоо өргөж явах юм байна.
Мөн бид гадаадын зах зээл рүү тэлнэ гэж бодож байгаа. Энэ 10 жилийн хугацаанд дүүргийн болон Монгол улсынхаа баялаг бүтээгч нартай хамт зардлыг нь даагаад Дубай, Анталия хоёр орноор туршлага судлаад ирлээ. Дубай бол үнэхээр хөгжиж чадсан орон байсан бол Анталия бол хөдөө аж ахуй, газар тариалан хөгжсөн газар байлаа. Тэгэхээр Монголын баялаг бүтээгч нар, үйлдвэр үйлчилгээ эрхлэгч нар төдий дайны хөгжих боломжийн талаар судалгаа хийж яваад ирлээ. Дээрээс нь бас өөрсдийнхөө баялаг бүтээгч нарыг таниулж цэнхэр тугаа хаана ч байсан аваад л яваад байсан.
- Сүүлийн асуултыг танд үлдээе?
За, маш их баярлалаа. Юуны өмнө ийм хүчирхэг, хүчтэй охин төрүүлж өсгөсөн хайрт аав, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Эх орондоо талархлаа. Нутаг устай, эх оронтой хүн гэдэг чинь үндэсний дээл хувцсаа өмсөөд хаана ч алхаад явах ийм бүрэн илэрхийлэмж байдаг юм байна. Дээрээс нь багш нартаа талархаж байна. Би бол олон улсад нэлээн өндөр зэрэглэлтэй тархины фитнесийг аваад явдаг учир сайхан багш нартаа баярлалаа. Олон улсын домог бол Зэс Эрдэнэ багшдаа баярлалаа. Надад олон сайхан багш нар байгаа. Тэгээд үр хүүхэд хань ижилдээ талархаж байна. Миний ингэж гялалзаж маш их ажил амжуулж, маш их зүйлийг бүтээж явж байгаа бол ар тал маш сайн байна гэсэн үг. Бүх сайхан зүйлдээ талархаж байна. Баярлалаа.