Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Инновацийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан Дэд Ерөнхийлөгч Ц.Бумцэнд нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны ууган гишүүдийн нэг юм.

Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, хүнсний хангамж аюулгүй байдлыг ханган ажиллаж буй салбарын баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Мөн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, МҮХАҮТ, БНХАУ болон ОХУ-аас хамтран ажилладаг түнш байгууллагын төлөөлөл зэрэг 220 гаруй зочид оролцож байна.

“Чиглэл” ХХК анх 1990 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйлдвэрлэлээ эхлүүлж байжээ. Одоогоор гурван үйлдвэр, зургаан салбар дэлгүүр, 200-аад ажиллагсадтайгаар хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр тасралтгүй 35 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.



“Чиглэл” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ЖДҮҮ холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Инновацийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан Дэд Ерөнхийлөгч Ц.Бумцэнд компанийн 35 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэн хүнс, хоол үйлдвэрлэлийн салбарыг түүчээлэн ажиллаж буй үе үеийн “Чиглэл”-ийхэнд баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Мөн экспортын чиг баримжаатай импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж өдгөө 40 нэрийн 220 гаруй төрлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж хүнс хоол үйлдвэрлэлийн салбарыг түүчээлэн ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд ЖДҮ холбооны тэргүүн Ч.Даваабаяр хүнсний хангамж аюулгүй байдлыг ханган ажиллаж буй салбарын баялаг бүтээгчдэд “Баялаг бүтээгч” одон, медаль гардууллаа.


