All-in-One Solution

С.Байгалмаа: Эдийн засгийн сэргэлтийн түлхүүр нь жижиг, дунд бизнес эрхлэгчид юм

Жижиг дунд бизнесийн үзүүлэх нөлөө, тэднийг хөгжүүлэхэд ямар тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа болон тэдэнд дутагдаж буй ур чадвар, тулгарч буй түгээмэл бэрхшээлийн талаар Европын Сэргээн босголт хөгжлийн ханкны Жижиг дунд бизнесийн хэсгийн үндэсний менежер С.Байгалмаатай ярилцлаа.

ТОМ КОМПАНИ АЛСЛАГДМАЛ СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛНА ГЭЖ БАЙХГҮЙ. АШИГГҮЙ БОЛ ОЧИХГҮЙ

-Европын Сэргээн Босголтын Хөгжлийн Банк (ЕСБХБ) Монгол улсад хэдэн оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?

-Социалист тогтолцоо задарч,төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс орнууд зах зээлийн эдийн засагт шилжих үед буюу 1991 онд шилжилтийн үйл явцыг идэвхижүүлж, дэмжих зорилгоор ЕСБХБ-ыг байгуулсан түүхтэй. ЕСБХБ-ны хувьцаа эзэмшигчид зургаан тивийн 64 орон болон Европын холбооны хоёр байгууллагын төлөөллөөс бүрддэг.

Банк нь Монгол улс дах үйл ажиллагаагаа 2001 онд жижиг дунд бизнесийг дэмжих, зөвлөх үйлчилгээгээр эхэлсэн ба 2006 онд Улаанбаатар хотод суурин төлөөлөгчийн газраа байгуулж, тэр үеэс бизнесүүдэд санхүүжилтийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар манай банк нийт 360-аад аж ахуйн нэгжид зөвлөгөө авахад тусалж, 70 гаруй төсөлд 1,1 тэрбум еврогийн санхүүжилт олгосон. Бусад гадаадын хөрөнгө оруулагчтай харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалтыг Монгол улсад хийгээд байна. Энэ санхүүжилтийн 50 гаруй хувийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авсан.

-Яагаад жижиг дунд бизнесийг онцолсон юм бэ?

-Улс орны эдийн засгийн түлхүүр, хөгжүүлэгч гол хүч нь юу вэ гэсэн асуултын хариултад олон онол, үндэслэл байдаг. Зарим хүмүүс том компаниудаа хөгжүүлчихвэл тэднийгээ дагаад жижгүүд нь хөгжинө гэж үздэг бол зарим нь жижиг дунд бизнесүүдийг дэмжиж, хөгжүүлж байж том компаниуд бий болно гэдэг. Учир нь ямар ч том компани жижгээс л эхэлдэг. Тиймээс жижгүүдээ дэмжих хэрэгтэй байдаг. ­Зах зээл хөгжсөн улс орнуудыг хараад байхад эдийн засгийг нь түлхэж байгаа гол хүч нь жижиг, дунд бизнес байдаг. Жишээ нь Герман, Японы аж ахуйн нэгжүүдийн бараг 90 хувь жижиг, дунд үйлдвэрлэл юм.

Жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ) зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг дэмждэг тул ЕСБХБ тэдгээрийг дэмжин ажилладаг. Энэ сонголт маань дараах гурван зүйлээр нотлогддог. Нэгд, жижиг дунд бизнесүүд өрсөлдөөнийг бий болгодог. Нэг том компани хөл дээрээ зогсоод овоо гайгүй болоод байж байтал гэнэт нэг жижигхэн адилхан бизнес гарч ирээд зах зээлээс нь хуваалцаад унадаг. Үр дүнд нь том, жижиггүй өрсөлдөөд эхэлнэ. Ноу хау нь улам сайжирч, шинэ инновацийг ашигласнаар зардал буурч, хэрэглэгчид очих ашиг тус нэмэгдэнэ. Гэтэл зах зээлд монополь компаниуд хоорондоо хуйвалдаад, зах зээлээ хувааж аваад, өрсөлдөөнийг байхгүй болгодог.

Иймээс, жижгүүд өрсөлдөөнийг өдөөж өгдөг. Хоёрт, жижиг дунд бизнесүүд ажлын байр бий болгодог. Өнөөдөр манай улсын ажиллах хүчний 52 хувь буюу 500 гаруй мянган хүнийг жижиг дунд үйлдвэрлэл ажлаар хангаж байна. Хэрэв энэ тооны хүмүүс ажилгүй бол Засгийн газар тэр хэмжээгээр тэтгэлэг, халамжийн дарамтад унана. Тэгэхээр, энэ салбар Засгийн газарт том дэмжлэг болдог гэсэн үг.

Гуравт, жижиг дунд үйлдвэр нь Монголын хар хайрцагны бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн ихээр тусална. Том компани алслагдмал нэгэн суманд үйл ажиллагаагаа явуулна гэж бараг байхгүй. Тэнд ашиг байхгүй бол очихгүй. Харин орон нутгийн жижиг бизнесүүд л хүмүүсийг ажлаар хангаж, түүхий эд боловсруулж, нэмэгдсэн өртгийг бий болгож байна. Манайх шиг өргөн уудам нутагтай, тархай бутархай улсад жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь улс орноо бүсчлэн хөгжүүлэх, орон нутгаа эзэнтэй байлгахад онц ач холбогдолтой асуудал юм.

САНХҮҮЖИЛТ БА НОУ ХАУ ХОЁР ХАМТ ХӨТЛӨЛЦӨӨД ЯВЖ БАЙХ ЁСТОЙ

-Жижиг дунд үйлдвэрлэлийнхэнд зөвлөх үйлчилгээг санал болгох шалтгаан юунд байв?

-Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд хөрөнгө оруулалт, ноу хау аль аль нь их чухал. Ихэнх бизнес эрхлэгчид өөрсдийнх нь хөгжилд хамгийн чухал зүйл бол мөнгө гэдэг. Тиймдээ ч зээл авахыг хүсдэг.

Гэтэл зээл авсан жижиг дунд бизнес түүнийгээ юунд хэрхэн зарцуулаад, эргүүлж яаж төлөх төсөл, төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх бүх төрлийн чадавхи байхгүй бол урагшаа явж чадахгүй, зээлээ эргүүлэн төлж чадахгүй. Тэгэхээр санхүүжилт ба ноу хау хоёр хамт хөтлөлцөөд явж байх ёстой. Ноу хау нь дараагийн санхүүжилтийн хэрэгцээг бий болгоно. Дараагийн санхүүжилт нь дараагийн ноу хаугийн хэрэгцээг бий болгож байдаг.

Монголын жижиг дунд бизнесүүдэд дутагдаж байгаа ур чадварыг нөхөх зөвлөх үйлчилгээг нэмэгдүүлж, сайжруулах үүднээс зөвлөх үйлчилгээ үзүүлж буй компаниудын хөгжлийг дэмжих эрүүл, өрсөлдөөнтэй, тогтвортой зөвлөх үйлчилгээний зах зээлийг бий болгох нь манай банкны зорилт. Бид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, зөвлөх үйлчилгээ хоёрыг холбож, нэг ёсондоо гүүр нь болж ажилладаг.

-Өнөөдрийг хүртэл хугацаанд нийт хэдэн удаагийн зөвлөх үйлчилгээ үзүүлэв. Бас ямар төрлийн зөвлөх үйлчилгээг хамгийн их авдаг вэ?

-Өнөөдрийг хүртэл манай банкны дэмжлэгтэйгээр нийт 465 гаруй зөвлөх үйлчилгээг ЖДҮ эрхлэгчид авсан байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих