“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Ажилтай өрх – Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо
Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэсээр энэ жил 31 дэх удаагаа уг өдөртэй золгож байна.
Энэхүү өдрийг угтан Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас “Ажилтай өрх – Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Цар тахлын үеийн хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-т хамрагдсан өрхийн төлөөллүүд өөрсдийн бүтээл, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, үзэсгэлэн худалдаа гаргасан нь онцлог байв. Тус төсөлд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нийт 1,259 зорилтот өрх хамрагджээ.
Мөн өдөрлөгийн хүрээнд:
- Хүүхэд, гэр бүлийг дэмжих үйлчилгээ
- Хөдөлмөрийн яармаг /Job Center/
- Нийгмийн халамж болон нийгмийн даатгалын үйлчилгээг газар дээр нь болон онлайнаар авах боломж
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ
- Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн үйлчилгээ
зэрэг олон талт үйл ажиллагаа, үйлчилгээ иргэдэд нээлттэйгээр хүргэгдлээ гэж ГБХНХЯ мэдээлэв.



































