Төрийн банк дундаж давхаргыг дэмжиж, ногоон хөгжлийг тэргүүлэх зорилгоор жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” хөтөлбөрийг эхлүүллээ. Энэхүү цогц хөтөлбөрийг Төрийн банкны Инкубатор төвөөр дамжуулан нэг жилийн хугацаанд таван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хамгийн эхний алхмаа Санхүүгийн удирдлага болон Байгальд ээлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлт чиглэлээр эхлүүлээд байна.
Хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгчид 1 сарын турш үргэлжлэх сургалтад оролцож, стратеги төлөвлөлт, тогтвортой хөгжил ба ногоон маркетинг, санхүүгийн оновчтой менежмент, хүний нөөцийн удирдлага зэрэг бизнестээ зайлшгүй хэрэгтэй мэдлэг, ур чадварыг эзэмших боломжтой.
Сургалтыг дүүргэсэн оролцогчид Төрийн банкны Инкубатор төвийн харилцагчаар бүртгэгдэж, өрхийн болон гарааны бизнесийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авах боломж нээгдэхийн зэрэгцээ шалгуур хангагч бизнесүүдийг олон улсын үзэсгэлэн, худалдаанд оролцохоор дэмжих онцлогтой.
Мөн Төрийн банк нь жижиг, дунд бизнесүүдийг бойжуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн олон төрлийн төсөл, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж, тогтвортой өсөлтөд нь дэмжлэг үзүүлсээр байна.