-ЖДҮХС-г устгаад чиг үүрэг агуулга, хамрах хүрээ нь тэс хөндлөн гурван санг нэгтгэж мөнгө угаах гэж байна-
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС), Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС), Мал хамгаалах сан (МХС)-г татан буулгаж, улмаар нэгтгээд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” (ҮҮДС)-г шинээр байгуулахаар Тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьжээ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр улсын төсвөөс зөвхөн ЖДҮ-ийн салбарыг бодлогоор дэмжин олгодог 10 хувийн санхүүжилт буюу жилдээ 120-190 тэрбум төгрөг үгүй болох аюул нүүрлээд байна. Тэрчлэн ЖДҮ-ийн 300 саяас нэг хүртэл тэрбум төгрөгийн зээлийг банкаар дамжуулан олгоно, ингэхдээ ЖДҮ-ийн зээлийн босго буюу шалгуурыг энгийн иргэн авах ямар ч боломжгүй түвшинд тавьжээ. Тодруулбал, ҮҮДС-гаас зээл хүсэгч нь аль нэг банк, ББСБ-д өр зээлгүй байх ёстой гэж.
Гэтэл өнөөдөр ард иргэдийн 99 хувь нь хэрэглээний, цалингийн болон арилжааны зээлийг өндөр хүүтэй банк, ББСБ, ломбарднаас авсан байдаг. Тиймээс эрх баригчдын ЖДҮХС-г татан буулгах шийдвэр бол зөвхөн өөрсдөдөө зориулсан гаргалгаа гэж жинхэнэ ЖДҮ эрхлэгчид харж байна.
Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь зээл авсан увайгүй УИХ-ын гишүүдийн нэрээ цэвэрлэж, дахин сонгуульд өрсөлдөх гэсэн башир арга гэж үзэж байна.
ЖДҮХС томрох нь хэнд ашиггүй вэ. Харин ҮҮД сан байгуулах нь хэнд ашигтай вэ гэдэг бас нэгэн асуулт эндээс ургаж буй. Учир нь УИХ-ын гишүүд өнөөдөр ЖДҮХС-гаас зээл нэрийн дор мөнгө авч чадахгүй болсон учраас том үйлдвэрлэгч нарт ашигтай ҮҮД сан гэгчийг байгуулж, мөнгө угаах арга сэдэж буй бололтой. Зүй нь, ЖДҮХС-гийн гурван хувийн хүүтэй, урт хугацаатай зээл нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн хэрэгтэй, хөшүүрэг болдог санхүүжилт байсан юм. Гэтэл эрх баригчид
энэ санг байх хэрэггүй гэж үзлээ. Улмаар ЖДҮХС-г устгаад чиг үүрэг агуулга, хамрах хүрээ нь тэс өөр буюу тэс хөндлөн гурван санг нэгтгэж, “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” гэдэг сүржин нэр өгөөд, үүгээрээ дамжуулан мөнгө угаахаар зэхэж буй бололтой. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж ямар нэг сангаас мөнгө зээлэх нь хууль бус үйлдэл төдийгүй өнөө Монгол Улсыг саарал жагсаалтад оруулаад байгаа мөнгө угаах гэмт хэрэг мөн юм. Цаашлаад энэ бол эх орныхоо хөгжилд чөдөр тушаа болж, ядарсан ард иргэдээ мөлжиж, эх орноосоо урваж буй үйлдэл.
жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой зээлийг булаан авч, Монгол Улсын үндэсний үйлдвэрийн хөгжилд чөдөр тушаа болж, ард түмний боломжийг хулгайлсан улстөрчдөд бүгдэд нь хариуцлага тооцох ёстой.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ЖДҮХС-гаас парламентын 49 гишүүн зээл авсан. Гэтэл энэ зээлийг авсан сангаа хэд хэдэн
сантай нэгтгэхээр татан буулгах гэж байгаа юм байна. 2020 оны сонгуульд ЖДҮ-чин гишүүн гэдэг хоч нэр дэвшихэд нь нөлөөлнө гэж үзээд эрх баригчид татан буулгахаар шийдэж. Санг татан буулгаснаар хариуцлага нэхэх субьект байхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-гийн гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн болон бусад албан тушаалтнуудыг шалгах субьект нь байхгүй болж, хэрэг нь хаагдаад явах юм байна. Угаасаа хөөн хэлэлцэх хугацаагаар энэ гэмт хэрэг хаагдах хугацаа дөхөж байгаа ч биз. ЖДҮ сангаа татан буулгаж, ЖДҮ нэрээ хусахын тулд эрх баригчид ийм үйлдэл хийж байна. Гэхдээ санг устгаж болох ч ард түмэн хийсэн хэргийг нь мартахгүй шүү” гэж УИХ-ын чуулганы үеэр хэлсэн.
Угтаа дэлхийн бусад орнуудад ЖДҮХС-г бусад сантай нэгтгэсэн нэгээхэн ч тохиолдол үгүй билээ. Энэ бол дангаар хөгжүүлэх ёстой, төрөөс бодлогоор авч явах ёстой маш чухал стратегийн салбар. Тиймээс л улс орнууд ЖДҮ-гийн салбарыг номер нэг бодлогоо болгон үйлдвэрлэгч нараа дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ тэтггэж, бусад улс оронд экспортлох замаар эдийн засгаа эргэлтэд оруулж, эрүүлээр авч явдаг юм.
харахад л, үндсэндээ Монгол Улсыг жижиг, дунд үйлдвэрлэгчид нуруун дээрээ авч яваа гэсэн үг. Ийм том массыг эзэлж буй салбарыг дэмжих санг устгаж, үгүй хийнэ гэдэг улс орноо мухардалд оруулж буйтай ижил. ЖДҮ эрхлэгчдийг дэмжихгүйгээр улс орон хэрхэвч хөгжихгүй. Өнөөдөр байгалийн баялаг бол шавхагдаад дуусах зүйл. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжил нь нь ус, агаар мэт хэрэгтэй, үр хойчид үлдэх ганц хөгжлийн хөшүүрэг. Дахиад нэг тоо дурдъя. 2018 онд ЖДҮХС 99 тэрбум төгрөгийг 200 гаруй аж ахуй нэгжид өгснөөс үүний 100 гаруй нь улстөрчдийн хамаарал бүхий компани байсан. Харин 2019 онд олон нийтийн хяналттай 47 тэрбум төгрөгийг 500 орчим жинхэнэ ЖДҮ-чдэд өгсөн байна. Энэ бол тэнгэр газар шиг ялгаатай тоо бас баримт юм. Төдий хэмжээний мөнгийг цөөн хэдэн улстөрчдийн компаниуд хуваагаад авсан бол өнөөдөр хоёр дахин бага санхүүжилтыг ямар олон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хуваагаад авч байгааг харьцуулаад бодоод үзээрэй. Улстөрчдийн том компаниуд өнөөдөр ЖДҮ-гийн салбарыг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх үү, жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгчид ажлын байр нэмэх үү? Ийм л энгийн логик энд харагдаж байна. Гэтэл яагаад ЖДҮХС-г устгах гээд байна вэ?
УИХ-ын болон Засгийн газрын гишүүд үндэсний үйлдвэрийг хөгжүүлж, сэргээх сонирхолгүй, худалдааны эдийн засаг буюу импортын барааг шүтэж, мөргөсөн явдал болж байна. Эдгээр санг нэгтгэж, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан болгох нь ЖДҮ эрхлэгчдэд очих санхүүгийн дэмжлэг байхгүй болж, үндэсний үйлдвэр хөгжихөд асар эрсдэлтэй болно. Мөн уг хуулийн төслийг дагалдаж, “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн 4 дүгээр зүйлд “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.8, 11.9, ба 11.10 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.2в ба 8.1.2г дахь заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэж өөрчлөлт оруулж байгааг нь жинхэнэ ЖДҮ эрхлэгчид эсэргүүцэж байна.