Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо (ЖДҮҮ Холбоо) нь баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийг дэмжих, зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай (МҮХАҮТ) хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талуудын энэхүү түншлэл нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулах, бизнесийн тогтвортой экосистемийг бүрдүүлэх чиглэлд чухал ач холбогдолтой юм.
Гарын үсэг зурах ёслолд “Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од нар оролцов.
Санамж бичгийн хүрээнд талууд:
- Бизнесийн болон эдийн засгийн чухал мэдээллийг харилцан солилцох,
- Гишүүн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах,
- Тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих,
- Хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов.
Энэхүү хамтын ажиллагаа нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт шинэ боломж, өргөн хүрээний хамтын хөгжлийн шинэ шат эхлүүлж буй чухал үйл явдал болж байна.

