Одоогоос долоон жилийн өмнө “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдсанаар “баялаг бүтээгч” гэх ойлголт олон нийтийн дунд түгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа анхаарлын төвд орсон. Тус холбоо нь ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр томоохон хувь нэмэр оруулж буй ашгийн бус байгууллага юм.
Өнгөрсөн хугацаанд тус холбоо 30 мянган километр зам туулж, 1000 орчим ЖДҮ эрхлэгчийг сурталчилснаар олон байгууллага хөл дээрээ зогсож, зарим нь төрөөс олгодог хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна.
Гэвч өнөөдрийн байдлаар Монгол Улс импортын бараанаас 95 хувь хамааралтай хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн голлох тулгуур нь уул уурхайгаас давж чадаагүй байна. Цар тахлын үед үйлдвэржилт сул байсны хор уршгийг иргэн бүр биечлэн мэдэрсэн. Тэр үед анхаарлын төвд байгаагүй “баялаг бүтээгчид” л эдийн засгийн гол ачааг үүрч байлаа.
Энэ үед “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос бэлтгэн хүргэсэн “Баялаг бүтээгч” нэвтрүүлэг эдгээр хөдөлмөрч хүмүүсийн амжилт, бэрхшээлийн гэрч болж, 50 шилдэг баялаг бүтээгчийг олон нийтэд танилцуулсан билээ.
Ингээд тус нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор Ч.Даваабаяртай ярилцлаа.
– Сайн байна уу. Монгол Улсад 27 мянган төрийн бус байгууллага байдаг. Танайх тэднээс юугаараа онцлог вэ?
– Сайн байцгаана уу. Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдаад долоон жил болж байна. Бидний гол зорилго бол Монголын баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчид дэлхийд үнэлэгдэх явдал юм. Ийм мөрөөдлөөр л энэ холбоог байгуулж байсан.
Өнөөдөр манай байгууллага 21 аймаг, 330 суманд салбар, төлөөлөгчтэй болж өргөжсөн. Гэхдээ бид илүү олуулаа болж, санаа бодлоо нэгтгэн, бие биенээ дэмжих хэрэгтэй байна.
– Баялаг бүтээгчдэд ямар дэмжлэг хамгийн их хэрэгтэй байдаг вэ? Төр засаг, ард түмэн хэр дэмжиж байна вэ?
– ЖДҮ эрхлэгчдэд хамгийн их хэрэгтэй дэмжлэг бол санхүүгийн дэмжлэг. Өмнө нь өөрийн хүчээр бүхнийг хийдэг байсан хүмүүс цар тахлын үед хамгийн их хохирсон. Тэдний хямрал гэдэг нь Монгол Улсын хямрал гэсэн үг. Учир нь ажлын байрны 90 хувийг ЖДҮ бий болгодог.
Төр засгаас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлснээр бидэнд бага ч болов найдвар төрж байна. Энэ бодлогоор ЖДҮ эрхлэгчдээ бодитойгоор дэмжвэл бидний хүсдэг сайхан нийгэм тун удахгүй бодит болох боломжтой.
– “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” өнгөрсөн хугацаанд 1000 орчим баялаг бүтээгчийг сурталчилсан байна. Энэ ажлын үр дүн ямар байсан бэ?
– Орон даяар төсөл хэрэгжих хугацаанд найман баг тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Зургаан баг нь орон нутгийн баялаг бүтээгчдээ дэмжиж ажилласан бол би нийслэлийн баялаг бүтээгчдийг хариуцаж, долоо хоногт 2–3 “Баялаг бүтээгч” нэвтрүүлэг бэлтгэн 60–70 удаагийн давталттайгаар цацаж байлаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 1000 орчим үйлдвэрлэл эрхлэгчийг хамруулсан. Тухайн үед “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог байсан. Мөн нэвтрүүлгүүдийг олон сувгаар олон удаагийн давталттайгаар цацсан нь үйлдвэрлэгчдийн борлуулалтад том дэмжлэг болсон.
Ингэснээр жижиг цехээс эхэлсэн бизнесүүд өргөжиж, ЖДҮ-ийн ангиллаасаа гарч, “ТОП–100 аж ахуйн нэгж”-ийн эгнээнд багтсан олон компани бий болсон. Энэ бол бидний ажлын хамгийн том үр дүнгийн нэг.
– Танай холбоо хамгийн сүүлд ямар ажил хийсэн бэ?
– Цар тахлын хүнд үед ч бид “Баялаг бүтээгч” нэвтрүүлгээ зогсоогоогүй. Харин энэ жил шилдэг 50 баялаг бүтээгчийг онцолж, тэдний түүхийг багтаасан анхны дижитал номоо гаргасан.
Номын нээлт дөрөвдүгээр сарын 27-нд “Holiday Inn” зочид буудлын Event Hall-д болж өнгөрнө. Энэ ном нь уншдаг, үздэг, сонсдог гурван хэлбэрийг хослуулсан Монголын хамгийн анхны дижитал ном гэдгээрээ онцлог.
– Анхны дижитал ном гэхээр яг ямар онцлогтой юм бэ?
– Өнөөдөр хүн бүр гар утастай. Номонд орсон баялаг бүтээгч бүрийн хуудас дээр QR код байршуулсан. Утасныхаа камераар уншуулахад тухайн баялаг бүтээгчийн оролцсон нэвтрүүлэг шууд тоглогдоно. Номоо уншаад сонирхсон бол бичлэгийг нь үзэж, дуугаар нь сонсох боломжтой гэсэн үг.
– Энэ жилийн төлөвлөгөөгөө гаргасан уу? Шинэ ном гаргах уу?
– 2021 онд цар тахлын улмаас үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулж чадаагүй. Харин энэ жил Засгийн газрын сайн зохион байгуулалт, вакцинжуулалтын ачаар нөхцөл байдал сайжирсан. Тиймээс 2023 онд ном гаргахаас гадна дэлхийн хөгжингүй орнуудад хэрэгждэг “SME Awards” арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бидний зорилго бол ЖДҮ эрхлэгчдийн тоог нэмэгдүүлж, тэднийг дэлхийн зах зээлд гаргах. Тиймээс жил ирэх тусам илүү хичээнгүйлэн, бодит үр дүнд хүрэхээр зорьж ажиллана.
– Ярилцсанд баярлалаа.
– Та бүхэнд ч мөн баярлалаа. Монгол хүн дотооддоо үйлдвэрлэсэн хувцас өмсөж, дотооддоо ургуулсан ногоогоо иддэг, импортлогч биш экспортлогч улс болох тэр цагийг хамтдаа бүтээе.





