Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвөөс хэрэгжүүлж буй Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа.
– Монголбанк “Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ямар чиглэлийн ажлууд хийж байгаа вэ? Хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
– Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид хүүхэд, залуус, орон нутгийн иргэдэд зориулан тусгайлсан хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, аль болох тэдний насны онцлог, амьдралын хэв маягт нь тохирсон мэдлэг мэдээлэл олгохыг чухалчилдаг.
Иргэд, олон нийтийн хувьд томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахын зэрэгцээ цахим орчныг түлхүү ашиглан олон талт хэлбэрээр санхүүгийн мэдлэгийг олгож байна. Гэвч хүртээмжийг нэмэгдүүлэх, цар хүрээг өргөтгөх шаардлага жил ирэх бүр улам нэмэгдэж байгаа.
Энэ нь нэг талаар нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас, нөгөө талаар Ковид болон олон улсын геополитикийн хүчин зүйлсийн эдийн засагт үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллүүдтэй холбоотой. Тиймээс бид албан болон албан бус хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд нэмэгдэж байгаа энэ цаг үед иргэд орлого, зарлагаа хэрхэн оновчтой хуваарилах, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгож эрсдэлээс сэргийлэх, мөн хуримтлал үүсгэх талаар тогтмол мэдлэг мэдээлэл өгч байна.
Учир нь иргэдийн зөв санхүүгийн шийдвэр гаргалт нь санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголбанкны Ерөнхийлөгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г батлуулан амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөөний дагуу олон төрлийн сургалтуудыг зохион байгуулж байгаа.
– Яагаад заавал энэ бүлгийг сонгож, тусгайлан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа юм бэ?
– Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бол эдийн засагт оролцогчдын томоохон төлөөлөл. Энэ утгаараа бизнесээ амжилттай авч явахад хувь хүний санхүүгийн мэдлэг, боловсрол чухал нөлөөтэй.
Тийм учраас төрөөс хэрэгжүүлж буй бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих бодлого, стратегийг бид ч дэмжиж, хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төрөөс зөвхөн хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээс гадна мэдлэг боловсролыг нь давхар дэмжихэд анхаарч байгаа нь бизнесийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг.
Уг дунд хугацааны төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд хүрэлцэхүйц тооны сургагч багшийг бэлтгэж, тэднээр дамжуулан орон нутгийн нэгж бүрд хүрч, зорилтот бүлэгтээ санхүүгийн мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн онд Нийслэлийн есөн дүүрэг болон зарим аймгийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулан сургалт явуулсан. Үр дүнд нь 60 гаруй сургагч багшийг бэлтгэж, 400 гаруй бизнес эрхлэгчийг чадавхжуулаад байна. Энэ жил бүх аймгийг хамруулан зайнаас болон танхимаар сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
– Сургалтууд чухам ямар сэдэв, агуулгын хүрээнд явагддаг вэ?
– Юуны өмнө сургалтын ач холбогдлыг онцлох нь зүйтэй. Бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэг дээшилснээр бизнесийн болоод санхүүгийн шийдвэр гаргалт сайжирна. Үүнийгээ дагаад бизнесийн тогтвортой байдал бүрдэж, цаашид тасралтгүй хөгжих боломж нэмэгдэнэ. Нэг үгээр хэлбэл, өөрийн үйл ажиллагаанд тохирсон, үр дүнтэй санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгох чадвартай болно.
Сургалтын сэдэв, агуулгын хувьд батлагдсан хөтөлбөрийн дагуу юуны өмнө эдийн засгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг тайлбарлаж, хувь хүний санхүүгийн төлөвлөлт, орлого зарлагыг тооцох, хуримтлал үүсгэх аргачлалыг заадаг.
Мөн зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн зөв сонгох, төрөөс үзүүлж буй хөнгөлөлт, дэмжлэгийн талаарх мэдээллийг өгдөг. Үүнээс гадна эрсдэлээ бодитой тодорхойлох, даатгалын ач холбогдол, финтек болон криптовалютын талаарх ойлголт, маркетинг, олон нийттэй харилцах арга, зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай борлуулах зэрэг сэдвүүдийн хүрээнд 6–8 цагийн хичээлийг хамтрагч байгууллагуудаас бэлтгэгдсэн сургагч багш нар зааж байна.
Мөн цахим орчинд үүсч буй залилах гэмт хэрэгтэй холбоотойгоор банк, цагдаагийн байгууллагуудтай хамтран иргэдийг санхүүгийн цахим луйвраас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт өгөхөөр төлөвлөсөн.
Дашрамд дурдахад, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төслийг “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-д тусгасан нь энэ бодлогын хүртээмжийг үндэсний хэмжээнд өргөжүүлэх чухал нөхцөл болж байна.