Камерун улсын баруун өмнөд бүсийн Тико, Мутенгене хотуудын гудамжинд хуванцар хог хаягдал хаа сайгүй хөглөрнө. Шуудуу дүүрэн сав, замын хажууд овоорсон уут, боодол нь ус зайлуулах хоолойг бөглөж, орчныг бохирдуулсан дүр зураг түгээмэл. Ихэнх хүмүүсийн хувьд энэ бол зүгээр л зайлсхийх ёстой хог. Харин 21 настай залуу инженер Эбот Саймоны хувьд энэ бүхэн боломж юм.

Тэрээр зөвхөн өөрийн хичээл зүтгэл, мөрөөдөлдөө тулгуурлан хуванцар хогийг ашигтай бүтээгдэхүүн болгохоор шийджээ. Гар доорх энгийн нөхцөлд тэр хаягдал хуванцрыг хайлуулж, элстэй хольж, бат бөх, цаг агаарт тэсвэртэй тоосго үйлдвэрлэдэг. Эдгээр нь зүгээр нэг барилгын материал биш, харин хүнд нөхцөлд ч инноваци бий болдогийн илэрхийлэл юм.
Сургуулиа төгссөний дараа олон залуусын адил Эбот ажилгүйдэлтэй тулгарчээ. “Байгаль орчныг хамгаалах хүсэлтэй ч ажил байгаагүй. Тиймээс төрөөс хараат бус, өөрийн хүчээр амьдрах хэрэгтэй болсон” гэж тэр ярьсан байна. Хог хаягдлын асуудал түүнийг бууж өгөхөд хүргээгүй, харин шийдэл олоход түлхжээ. Хуванцар олон зуун жил задардаггүй бол яагаад энэ чанарыг нь ашиглаж болохгүй гэж тэр бодсон байна.

Түүний өдөр тутмын ажил амаргүй. Тэр гудамж, шуудуу, айлуудын ойролцоо хаягдсан хуванцрыг түүж цуглуулдаг. Дараа нь тэдгээрийг ангилж, сав, уутыг ялгана. Үүний дараа хуванцрыг гал дээр хайлуулж, элстэй хольж хэвэнд хийдэг. Хөргөсний дараа бат бөх тоосго бэлэн болдог.
Гэвч энэ бүхний ард олон бэрхшээл бий. Санхүүгийн боломж хомс тул үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд хэцүү. Мөн орон нутгийн байгууллага, иргэдийн дэмжлэг хангалттай биш. Борооны улиралд хог урсгалд туугдаж, түүхий эд цуглуулах бүр ч хүнд болдог. Гэсэн ч тэр шантралгүй үргэлжлүүлсээр байна.
Эбот зөвхөн өөртөө бус, бусдад боломж бий болгохыг зорьдог. Тэрээр орон нутагт цэвэрлэгээний аян зохион байгуулж, залуусыг хог түүхэд уриалдаг. Мөн хуванцар цуглуулах сав байршуулж, иргэдийг дахин боловсруулахад татан оролцуулжээ. Түүний хувьд “хог бол баялаг” гэсэн ойлголтыг түгээх нь чухал.
Түүнчлэн тэр мэдлэгээ бусадтай хуваалцаж, 50 гаруй залууг сургасан байна. Ингэснээр залуус өөрсдөө орлого олох боломжтой болж, орчноо цэвэр байлгахад хувь нэмэр оруулж байна.
Одоогоор түүний бизнес жижиг ч эхний амжилтууд гарч эхэлжээ. Тэр дундаа хуучин сургуулийнхаа захирлаас 200 гаруй тоосгоны захиалга авч, хэд хэдэн гэрээ байгуулсан байна. Ирээдүйд санхүүжилт, тоног төхөөрөмж сайжирвал олон ажлын байр бий болгоно гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
Камерун жилд 600 мянга гаруй тонн хуванцар хог үйлдвэрлэдэг бөгөөд ихэнх нь байгальд хаягддаг. Эботын санаачилга бол энэ асуудлыг шийдэх нэгэн бодит жишээ юм. Түүний хийсэн тоосго бүрд хөдөлмөр, шинийг сэтгэх чадвар, итгэл найдвар шингэсэн байдаг. Энэ түүх нь том асуудлын шийдэл жижиг санаанаас эхэлж болдгийг сануулж байна.
Эх сурвалж : Pan African Vision