All-in-One Solution

БНХАУ–ХБНГУ-ын жижиг, дунд үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал Берлин хотноо болсон олон улсын чуулганаар онцлогдож, Сужоу болон Тайцан хотын туршлага танилцуулагдлаа

Берлин хотод Хятад, Германы жижиг, дунд үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжих уулзалт, бизнесийн түншлэл тогтоох арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг Сужоу хотын Хөгжил, шинэчлэлийн хороо зохион байгуулж, “Жижиг, дунд үйлдвэрүүдийн ирээдүйн өдөр-2026” олон улсын чуулганы хүрээнд STATION-Berlin төвд явуулсан байна. Дөрөв дэх удаагаа болж буй энэ удаагийн чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс 8 мянга гаруй компани оролцож, инноваци болон жижиг, дунд бизнесийн ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцжээ.

Сужоу хот нь БНХАУ дахь Германы хөрөнгө оруулалтын томоохон төв болон хөгжиж, одоогоор 800 орчим Германы компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс Тайцан хот онцгой байр суурь эзэлдэг бөгөөд Хятад-Германы хамтын ажиллагааны чухал бааз болжээ. Тайцанд 560 гаруй Германы компани үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор дэлхийн зах зээлд тодорхой салбартаа тэргүүлэгч, боловч өргөн олон нийтэд төдийлөн танигдаагүй “нууц аварга” компаниуд 60 гаруй байдаг байна. Энэ нь тус хотыг “Германы компаниудын нутаг” хэмээн нэрлэхэд хүргэжээ.

Тайцан хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Гао тус хотын амжилтын үндэс нь стратегийн байршил, бизнесийн таатай орчин, мөн сайн хөгжсөн дэмжлэгийн тогтолцоо гэдгийг онцолсон байна. Тэрбээр Германы компаниуд Тайцанд үйл ажиллагаа явуулахдаа эхнээс нь дуустал иж бүрэн дэмжлэг авах боломжтойг дурджээ. Тухайлбал, нэг сая гаруй ам метр бэлэн үйлдвэрийн талбайг бий болгосон бөгөөд хууль эрх зүй, төрийн үйлчилгээний тусгай механизм, гадаадын аж ахуйн нэгжүүдэд зориулсан цагдаа, шүүхийн дэмжлэгийг нэвтрүүлсэн байна.

Мөн гадаадын иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангах зорилгоор төлбөр тооцоо, орон байр, тээврийн үйлчилгээг нэг дор багтаасан нэгдсэн үйлчилгээний картыг ашиглалтад оруулжээ.

Германы улс төрч, Батлан хамгаалахын сайд асан Рудольф Шарпинг Тайцан хотын орчныг өндөр үнэлж, зөвхөн бизнесийн үйл ажиллагааг дэмжихээс гадна тэнд ажиллаж, амьдарч буй хүмүүсийн амьдрах орчин, боловсрол зэрэгт анхаарсан цогц бодлого хэрэгжүүлж байгааг онцолсон байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ болон ХБНГУ-ын хооронд эдийн засгийн өрсөлдөөн нэмэгдэж байгаа талаар яригдаж байгаа ч Тайцанд үйл ажиллагаа явуулж буй Германы компаниудын өсөлт тогтвортой хэвээр байгааг салбарын төлөөлөгчид тэмдэглэж байна. Тайцангийн дугуй ширээний зөвлөлийн дарга Жан Жэньвэйгийн хэлснээр хоёр талын хамтын ажиллагаанд цаашид ч өргөн боломж бий. Тэрбээр талууд өөрсдийн давуу талуудыг бүрэн ашиглаж чадвал зөвхөн БНХАУ-ын зах зээлд төдийгүй Зүүн Өмнөд Ази болон Европын зах зээлд хамтран өргөжих боломжтойг онцоллоо.

Эх сурвалж : China Daily

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих