Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд шийдвэр бүр чухал, минут бүр үнэтэй байдаг. Хязгаарлагдмал нөөц, цөөн ажилтантай хэрнээ өдөрт ердөө 24 цагтай тул ажлын ачаалал өндөр хэвээр. Ийм нөхцөлд хиймэл оюун ухаан (AI) тодорхой ажлуудыг хөнгөвчлөх, бүр орлон гүйцэтгэх боломжтой болсон нь Канадын бизнес эрхлэгчдийн анхаарлыг татах болсон нь гайхах зүйл биш юм. Сүүлийн жилүүдэд AI нь зүгээр ажиглагдаж байсан чиг хандлагаас бодитоор ашиглагддаг хэрэгсэл болж, жижиг бизнесүүдийн дунд эрчимтэй нэвтэрчээ.

2020 онд Канадын жижиг бизнесүүдийн ердөө 32% нь AI ашиглаж байсан бол 2023 оны сүүл гэхэд энэ үзүүлэлт 58% болж бараг хоёр дахин өссөн байна. Тухайн үед AI ашигладаггүй бизнесүүдийн дийлэнх нь хэрэглэх сонирхолгүй байсан ч бодит байдал дээр богино хугацаанд хандлага эрс өөрчлөгджээ. Одоо AI ашиглаж буй бизнес эрхлэгчдийн 76% нь ирэх нэг жилд хэрэглээгээ нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
AI-г ашиглах хүрээ мөн өргөжиж, зөвхөн энгийн ажлуудаас гадна илүү нарийн төвөгтэй үйл ажиллагаанд ашиглах болсон байна. Үүнд давтагддаг ажлыг автоматжуулах, харилцаа холбооны бичвэр боловсруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэл хийх, борлуулалт маркетингийн шийдвэр гаргалтыг сайжруулах, өгөгдөл цуглуулах ба шинжлэх, ажилтан сонгон шалгаруулалт болон дасан зохицох үйл явцыг хөнгөвчлөх зэрэг багтаж байна. Мөн хэрэглэгчийн үйлчилгээ автоматжуулах, нөөц болон худалдан авалтын шийдвэрийг оновчтой болгох зэрэг чиглэлд хэрэглээ огцом өсжээ.
AI ашиглаж буй бизнесүүдийн 71% нь үүнийг ашигтай гэж үнэлсэн бөгөөд 22% нь “маш их үр өгөөжтэй” гэж дүгнэсэн байна. Үүнтэй холбоотойгоор ихэнх нь цаашид хэрэглээгээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа бол бууруулах бодолтой бизнес маш цөөн (2%) байна.
Гэсэн хэдий ч AI ашигладаггүй бизнесүүдийн дунд эргэлзээ байсаар байна. Судалгаагаар тэдний 52% нь одоогоор AI ашиглах сонирхолгүй байгаа бол ердөө 1% нь ойрын хугацаанд ашиглаж эхэлнэ гэж хариулжээ. Сонирхолтой нь зарим бизнесүүд өөрсдийгөө AI ашигладаг гэж үздэггүй ч бодит байдал дээр тодорхой хэлбэрээр аль хэдийн ашиглаж байгаа нь тогтоогдсон байна.
Эцэст нь, Канадын жижиг бизнесүүдийн дунд AI-ийн хэрэглээ сүүлийн гурван жилд төсөөлж байснаас хавьгүй хурдтай өссөн нь энэ технологи ямар богино хугацаанд хөгжсөнийг харуулж байна. Хэдийгээр бизнес эрхлэгчид тодорхой хэмжээнд болгоомжлолтой хэвээр байгаа ч AI-ийн хэрэглээ цаашид улам нэмэгдэж, илүү өргөн хүрээнд нэвтрэх төлөвтэй байна.
Эх сурвалж : The Harris Poll