Египетийн Санхүүгийн зохицуулах газар (FRA)-ын мэдээлснээр 2026 оны 1-р сард банкнаас бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрүүдэд (ЖДҮ) олгосон санхүүжилт 25 тэрбум египет фунтад хүрч, өмнөх оны мөн үеийн 16.2 тэрбум фунтаас 9.8 тэрбумаар өссөн байна. Санхүүжилт авсан иргэдийн тоо мөн өсөж, ойролцоогоор 16,400-д хүрсэн нь 2025 оны 1-р сарын 11,300-аас мэдэгдэхүйц нэмэгдсэн үзүүлэлт юм. Онцлох нь, нийт санхүүжилтийн 89.82 хувийг эмэгтэйчүүд авсан бол эрэгтэйчүүд ердөө 10.18 хувийг эзэлжээ.

Салбарын хувьд худалдааны салбар хамгийн их буюу 60.51 хувийг эзэлсэн бол үйлчилгээ 20.93 хувь, үйлдвэрлэлийн салбар 14.83 хувь, хөдөө аж ахуй 3.7 хувийг тус тус бүрдүүлсэн байна.
Үүний зэрэгцээ хэрэглээний санхүүжилт ч мөн тэлж, 2026 оны 1-р сард 8.493 тэрбум фунтад хүрсэн нь өмнөх оны 5.543 тэрбумаас 2.95 тэрбумаар өссөн үзүүлэлт болжээ. Хэрэглэгчдийн тоо 1.23 саяд хүрч, өмнөх оны 761,400-гаас огцом нэмэгдсэн байна. Энэ төрлийн санхүүжилтийн дийлэнхийг цахилгаан бараа, электроник (25.5 хувь) эзэлж, автомашин худалдан авалт (15.9 хувь), картын хэрэглээний бараа (15.4 хувь), гэр ахуйн цахилгаан хэрэгсэл (9.1 хувь) удаалжээ.
Санхүүгийн түрээсийн салбарт ч өсөлт ажиглагдсан бөгөөд нийт гэрээний дүн 14.963 тэрбум фунтад хүрч, өмнөх оны 10.433 тэрбумаас 4.53 тэрбумаар өссөн байна. Гэхдээ гэрээний тоо 191-ээс 148 болж буурсан нь илүү өндөр дүнтэй, том хэмжээний хэлцэл давамгайлж байгааг илтгэжээ. Энэ салбарт үл хөдлөх хөрөнгө, газар хамгийн их буюу 69.75 хувийг эзэлсэн бол машин, тоног төхөөрөмж 14.86 хувь, тээврийн хэрэгсэл 8.09 хувь, суудлын автомашин 4.94 хувь, үйлдвэрлэлийн шугам 0.76 хувийг бүрдүүлсэн байна.
Ипотекийн зээлийн хувьд нийт санхүүжилт 2.908 тэрбум фунтад хүрч, өмнөх оны 2.293 тэрбумаас 615 саяар өссөн ч гэрээний тоо 1,544-өөс 1,043 болж буурсан байна. Нийт санхүүжилтийн 1.326 тэрбумыг багц худалдан авсан харилцагчид, 1.582 тэрбумыг хувь хүмүүс эзэлжээ. Орлогын түвшнээр авч үзвэл сард 3,500 фунтаас дээш орлоготой иргэд нийт ипотекийн санхүүжилтийн дийлэнхийг бүрдүүлсэн байна.
Эх сурвалж : Daily News Egypt