Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат арилжааны 7 банкны удирдлагуудтай Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийн санхүүжилтийн гэрээнд өөрчлөлт оруулах, Тариалангийн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.
Ингэснээр “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг тариалан эрхлэгчдэд жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо.

Түүнчлэн төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг гэрээг байгууллаа.

Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй арилжааны банкнуудын эх үүсвэрээр олгогдох гэрээг Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, М банктай тус тус байгуулсан бөгөөд ХХААХХҮ-ийн сайд Ц.Идэрбат гэрээ байгуулах үеэрээ тариаланчдаас гарсан саналыг үндэслэж дотоодынхоо хүнсний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тэргүүлэх ач холбогдол өгч, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж буйд банкны салбарынханд талархал илэрхийллээ.

Мөн тэрбээр банкны удирдлагуудад хандан: “Хаврын тариалалтын технологит хугацаа ид эхэлж буй энэ цаг үед Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж буйтай холбогдуулан банк зээлийн олгох дээд хэмжээний хязгаарлалт, орон нутагт олгох зээлийн эх үүсвэрийг тариалан бүхий сум, орон нутгуудад аль болох хүртээмжтэй хуваарилан, зээл олгох шат дамжлагыг дотоод журам, дүрэмдээ нийцүүлэн хөнгөвчлөн багасгах тал дээр анхаарал хандуулан ажиллаж өгөх”-ийг хүслээ.