Bernama агентлагийн мэдээлснээр, Malaysia’s Entrepreneur and Cooperatives Development Ministry нь жижиг, дунд үйлдвэрүүдийг (ЖДҮ) дэмжих зорилгоор 5 тэрбум малайз ринггит буюу ойролцоогоор 1.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү зээл нь жилийн 3–5 хувийн хүүтэй байх бөгөөд арилжааны банкууд, тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн банкуудаар дамжин олгогдох юм. Үүнд Bank Rakyat болон SME Bank зэрэг байгууллагууд оролцоно.
Сайд Steven Sim Chee Keong-ийн хэлснээр, уг санхүүжилт нь ЖДҮ-үүдийг илүү өндөр технологид суурилсан үйл ажиллагаанд шилжих, ногоон хөгжил болон эдийн засгийн шилжилтийг дэмжих, автоматжуулалт, дижиталчлал болон аялал жуулчлалын чиглэлд хөрөнгө оруулахад чиглэж байна. Тэрээр уламжлалт болон өв соёлын бизнес эрхлэгчдийг ч эдгээр боломжийг ашиглан урт хугацаанд тогтвортой өсөлт бий болгохыг уриалжээ.
Энэхүү мэдэгдлийг тэрбээр Пенанг мужид болсон “Heritage Brands of Penang” хэвлэлийн нээлтийн үеэр хийсэн байна. Мөн Засгийн газар “PowerUp10K” нэртэй нэг жилийн кампанит ажлын хүрээнд ЖДҮ-үүдийг шат дараатайгаар хөгжүүлэх зорилгоо дахин нотолжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 15 тэрбум ринггит хүртэлх хөнгөлөлттэй санхүүжилт олгохоор төлөвлөсөн нь өмнөх 10 тэрбумын зорилтоос нэмэгдсэн үзүүлэлт юм.
Түүнчлэн 10 мянган бизнесийг өргөжүүлэх, дор хаяж 100 сая ринггитийг 100 мянган бизнес эрхлэгчийг чадавхжуулах сургалтад зарцуулах зорилт тавьжээ. Дунд хугацаанд ЖДҮ-үүдийн эдийн засагт оруулах нэмүү өртгийг 750 тэрбум ринггитээс давуулах, мөн 100 дотоодын компанийг 100 сая ринггитийн орлоготой болгох зорилго дэвшүүлсэн байна.
2026 оны хоёрдугаар сарын байдлаар энэхүү санаачилгын хүрээнд аль хэдийн 2 тэрбум ринггитийн санхүүжилт батлагдсан гэж сайд онцоллоо.
Эх сурвалж : TN Global