БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам болон Жижиг, дунд үйлдвэр, стартапын агентлаг буюу KOSME нь 2026 оноос эхлэн жижиг, дунд бизнесүүдийн ажиллах хүчний хомсдлыг бууруулах, мөн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад мэргэжилтэн ажилд авах болон ур чадвартай ажилтны виз рүү шилжүүлэх хөтөлбөрүүдийн хүсэлтийг жилийн турш хүлээн авахаар болсноо энэ сарын 8-нд мэдэгдлээ.
Гадаад мэргэжилтэн ажилд авах E-7-1 визийн зөвлөмж олгох хөтөлбөр нь БНСУ-д суралцаж буй гадаад оюутнууд буюу D-2 болон D-10 визтэй иргэдийг дотоодын жижиг, дунд үйлдвэрүүдэд ажиллуулахыг дэмжих зорилготой юм. Эдгээр оюутнууд тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд яамнаас зөвшөөрсөн мэргэжлийн чиглэлд ажиллах боломжтой байдаг. 2026 оны шинэчилсэн журмын дагуу нийт 27 төрлийн мэргэжлийг хамруулах бөгөөд компаниуд ЖДҮ-ийн шаардлага хангасан байхаас гадна жилд дор хаяж 31 сая 120 мянган воны цалин олгох нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм.
Энэ жилийн шинэчлэлийн хүрээнд өмнө нь 24 байсан мэргэжлийн ангиллыг 27 болгон нэмэгдүүлж, гадаад борлуулалтын төлөөлөгч, бүтээгдэхүүн төлөвлөлтийн мэргэжилтэн, судалгааны мэргэжилтэн гэсэн гурван шинэ чиглэлийг оруулсан байна. Энэ нь экспорт, төлөвлөлт, судалгааны чиглэлээр жижиг, дунд бизнесүүдэд ажиллах хүчний эрэлт нэмэгдэж байгааг харгалзан үзсэн шийдвэр гэж албаныхан тайлбарлажээ.
Харин E-7-4 виз рүү шилжүүлэх зөвлөмжийн хөтөлбөр нь ур чадвартай ажилтны тоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Хууль зүйн яамны бодлоготой уялдан хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй гадаад ажилчид ур чадвартай ажилтны виз рүү шилжих боломжтой юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд E-9, E-10 зэрэг визээр дор хаяж 4 жил хууль ёсоор ажилласан гадаад иргэд шаардлага хангасан тохиолдолд E-7-4 виз авч, БНСУ-д урт хугацаанд оршин суух боломжтой болдог.
2026 оны шинэчлэлийн гол зорилго нь компаниудын захиргааны ачааллыг бууруулж, өргөдөл гаргах үйл явцыг илүү хялбар болгоход чиглэж байна. Тухайлбал, E-7-1 визийн хувьд бүрдүүлэх баримт бичгийн тоог 11-ээс 6 болгон, E-7-4 визийн хувьд 8-аас 4 болгон бууруулжээ. Мөн өмнө нь имэйлээр явуулдаг байсан материалыг K-Work платформоор дамжуулан илгээдэг болгож, үйл явцыг илүү шуурхай, үр ашигтай болгосон байна.
K-Work платформ дээр E-7-1 болон E-7-4 визийн зөвлөмж авах бүх шатны үйл явцыг, өргөдөл гаргахаас эхлээд хянан шийдвэрлэх хүртэл, бүрэн цахимаар хийх боломжтой болсон. Үүнээс гадна 28 хэл дээр бодит цагийн орчуулга хийх, хиймэл оюун ухаанд суурилсан ажил зуучлалын үйлчилгээ, хэрэглэгчид ээлтэй интерфэйс зэрэг шинэ боломжуудыг нэвтрүүлжээ.
KOSME-ийн зүгээс энэхүү визийн хөтөлбөрийн шинэчлэл болон K-Work платформын хөгжүүлэлтийн үр дүнд жижиг, дунд бизнесүүдийн ажилтан авахад тулгарч буй хүндрэлүүдийг бууруулж, гадаад оюутнууд болон ур чадвартай ажилчдыг тогтвортой ажиллуулах, нутагшуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
Тус агентлагийн Хүний нөөцийн бодлого хариуцсан гүйцэтгэх захирал Чо Хан Гёо “Бид ЖДҮ-үүдийн бодит ажиллах хүчний хэрэгцээ болон компаниудын өргөдөл гаргах хялбар байдлыг харгалзан визийн зөвлөмжийн хөтөлбөрийг шинэчилсэн. Цаашид жижиг, дунд бизнесүүдэд шаардлагатай олон улсын чадварлаг боловсон хүчнийг илүү саадгүйгээр татан ажиллуулахад идэвхтэй дэмжлэг үзүүлнэ” хэмээн онцоллоо.
Эх сурвалж : ChosunBIZ En