2026 оны 4 дүгээр сарын 7–10-ны өдрүүдэд Австри улсын Вена хотноо зохион байгуулагдаж буй “Cleantech Days 2026: Innovation for Prosperity, Stability and Security” сэдэвт олон улсын форумд Монгол Улсыг төлөөлөн Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо (МЖДҮҮХ)-ны гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр оролцож байна.
Чуулганы гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, үйлдвэрлэлийн бохирдол, ногоон шилжилтийн саад бэрхшээл зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг цэвэр технологийн инновациор дамжуулан шийдвэрлэх бодит гарцыг тодорхойлоход оршиж байна. Өнөөдөр дэлхий даяар олон шинэ технологи, стартапууд бий болж байгаа ч тэдгээрийн ихэнх нь туршилтын шатнаас цааш хөгжиж чадалгүй, зах зээлд нэвтрэх, үйлдвэрлэлийн түвшинд өргөжихөд хүндрэлтэй хэвээр байгаа нь салбарын гол сорилт болоод байна. Иймд энэхүү чуулган нь инновацийг “туршилтаас бодит хэрэглээ, үйлдвэрлэлийн түвшин рүү” шилжүүлэхэд тулгарч буй саад, эрсдэлийг бууруулах, практик шийдэл боловсруулахад онцгой анхаарч байна.

Мөн цэвэр технологийн салбарт хөрөнгө оруулалтын хүртээмж, санхүүжилтийн тогтолцоо хангалтгүй байгаа нь хөгжлийг сааруулж буй гол хүчин зүйлсийн нэг хэвээр байна. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд ногоон санхүүжилтэд хүрэх боломж хязгаарлагдмал байгаа тул олон улсын санхүүгийн урсгалыг нэмэгдүүлэх, төслүүдийг хөрөнгө оруулалтад бэлэн болгох, зах зээлд холбох механизмыг бүрдүүлэх асуудлыг онцлон хэлэлцэж байна.
Түүнчлэн ногоон шилжилтийг хүртээмжтэй, тэгш оролцоонд суурилсан байдлаар хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Эмэгтэйчүүд, залуучууд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оролцоо хангалтгүй байгаа нь эдийн засгийн тогтвортой өсөлт болон уур амьсгалын шийдлийн үр нөлөөг хязгаарлаж байгаа тул илүү хүртээмжтэй, оролцоог дэмжсэн инновацын экосистемийг бүрдүүлэх нь чуулганы гол анхаарах асуудлын нэг болж байна.

МЖДҮҮХ-ны гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр арга хэмжээний үеэр ногоон технологийг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх, инновацыг дэмжих, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр олон улсын туршлага судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэн оролцож байна.