Ази, Номхон далайн бүсийн хамгийн том хүнс, ундааны үзэсгэлэнгийн нэг болох FOODEX JAPAN-ийн 51 дэх удаагийн арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Япон улсын нийслэл Tokyo хотноо албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд 4 өдрийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэн нь дэлхийн 80 гаруй улс, бүс нутгаас ирсэн 3000 орчим үйлдвэрлэгч, экспортлогчдыг нэг дор цуглуулж, хүнсний салбарын шинэ бүтээгдэхүүн, инноваци, худалдааны боломжийг танилцуулдгаараа онцлог юм. Үзэсгэлэн Японы хамгийн том үзэсгэлэнгийн төв болох Tokyo Big Sight-д зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Японы гадаад худалдааг дэмжих байгууллага болох Japan External Trade Organization (JETRO)-гийн төлөөлөлтэй албан уулзалт хийж, хүнсний үйлдвэрлэл, экспорт, хамтарсан төсөл хөтөлбөрийн боломжийн талаар санал солилцсон байна.

FOODEX JAPAN үзэсгэлэн нь Азийн хүнсний зах зээлд нэвтрэх сонирхолтой үйлдвэрлэгчид, экспортлогчдын хувьд хамгийн том B2B платформд тооцогддог бөгөөд Япон болон бүс нутгийн импортлогч, худалдан авагчидтай шууд бизнесийн харилцаа тогтоох боломжийг олгодог.