Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр зохион байгуулагдаж, салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлаар Монгол Улсад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуулийн төсөл, мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний тухай хуулийн төслийн танилцуулга-ыг хэлэлцэж, гишүүд санал бодлоо солилцлоо.
Мөн ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагаа, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор зохион байгуулагдах “Баялаг бүтээгч – Спорт наадам 2026” арга хэмжээний бэлтгэл ажлын явц, төсөв, зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Түүнчлэн холбооны 2026 оны үйл ажиллагааны календарчилсан жилийн төлөвлөгөө-г хэлэлцэж, салбарын гишүүн байгууллагуудыг чадавхжуулах, сургалт, уулзалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг баталгаажуулсан байна.
Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн асуудлууд нь ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, бодлогын орчныг сайжруулах, гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.
