Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүнсний салбарт шинэ өнгө төрх бий болгосон бизнес эрхлэгч, “Цайдам трейд ХХК” захирал А.Солонго шагнагдсанд халуун баяр хүргэе.

Тэрээр 2016 онд гараар урласан амттан үйлдвэрлэлийг эхлүүлж, өдгөө “Бурамхан” брэндийг олон нийтэд танигдсан үндэсний бүтээгдэхүүн болгож чадсан бөгөөд байгалийн гаралтай орц найрлагад тулгуурласан, эрүүл хэрэглээг дэмжсэн амттаны соёлыг Монголд түгээн дэлгэрүүлж байна.

“Бурамхан” нь 30 гаруй нэр төрлийн хатуу чихэр үйлдвэрлэж, Улаанбаатар хот болон орон нутгийн мянга мянган худалдааны цэгт нийлүүлэгдэж байгаа бөгөөд сахаргүй, шүдэнд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг Швейцар технологид тулгуурлан дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн нь салбартаа дэвшилтэт шийдэл болж байна.
Эх орныхоо түүхий эд, ур чадварыг шингээсэн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн манлайллын тод жишээ болж буй А.Солонго танд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.