МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар Япон Улсад 1991 оноос үйл ажиллагаа явуулж байгаа хүний нөөцийн менежментийн компани HRM Үүсгэн байгуулагч Акира Отани болон Монгол төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “HRM” компанийн үйл ажиллагааны цар хүрээ болон Монгол ажилчдын оролцооны талаар мэдээлэл солилцов. Өнөөдрийн байдлаар тус компанид 1500 гаруй Монгол иргэн харьяалагдан ажиллаж байгаа бөгөөд тэд Япон Улсын таван одтой зочид буудлуудад угтах үйлчилгээ болон бусад мэргэшсэн чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Тус компани нь Япон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зочид буудлын угтах үйлчилгээний мэргэшүүлэх сертификат олгох сургалтыг зохион байгуулдаг бөгөөд энэхүү хөтөлбөр, үйлчилгээгээ Монгол Улсад нутагшуулах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр уламжлав. Энэ хүрээнд Япон улсад амжилттай хэрэгжиж буй хүний нөөцийн менежментийн дэвшилтэт арга барилаас суралцах, үйлчилгээний салбарын боловсон хүчнийг олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэхэд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар саналаа солилцлоо.
эх сурвалж: МҮХАҮТ-ийн мэдээллийн сайт