Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ) болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ) хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир нар гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан улс даяар 60 мянга гаруй сул ажлын байр байхад 100 мянга гаруй ажилгүй иргэн бүртгэлтэй байгаа нь хөдөлмөрийн зах зээлд ур чадвар, цалин хөлс, ажлын байрны чанартай холбоотой зөрүү байгааг онцолж, уг асуудлыг судалж бодит шийдэл боловсруулахад МҮЭХ-ны оролцоо чухал болохыг дурдав. Мөн 2026 оныг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан халамжаас хөдөлмөрт шилжих бодлого, хөдөлмөр зуучлалын үйлчилгээг бэхжүүлэх, залуучуудыг тогтвортой ажлын байранд бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир ажиллах хүчний хомсдол, ур чадварын зөрүү нь мэргэжлийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хангалтгүй байгаатай холбоотойг тэмдэглэж, ажилтныг мэргэшүүлэх, давтан сургах, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцлов. Түүнчлэн төрийн үйлчилгээ, соёл, урлаг болон төрийн захиргааны байгууллагын ажилтнуудын цалин, нийгмийн хамгааллын асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд ХХҮЕГ манлайлан оролцох нь зүйтэйг хэллээ.
Санамж бичгийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ур чадвартай ажиллах хүч бэлтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхээр боллоо.