All-in-One Solution

ӨМНӨГОВЬ: ЖДҮ-ийн зээлд хамрагдсанаар бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлж байна

Даланзадгад, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг олон талт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж, орон нутгийн иргэд болон ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн орчныг үе шаттай сайжруулж байна.

Жил бүр орон нутгийн төсвийн хөрөнгөөр ЖДҮ эрхлэгчдэд 5 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, эхний 12 сар нь үндсэн зээлээс хөнгөлөгдөх боломжтой зээлийг олгодог. 2025 онд Өмнөговь аймаг 5 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгожээ. 

Орон нутгийн бизнес эрхлэгч “Хасудбат” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганбат 1995 оноос хувиараа арьсан эдлэл үйлдвэрлэж эхэлжээ. Тэрээр анх ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлэн, 2014 онд компани хэлбэрт шилжиж, 3 ажилтантайгаар ажлын гараагаа эхэлсэн байна. 

Өнөөдрийн байдлаар тус компани 80 хүнийг ажлын байраар хангаж, “Оюу толгой” компанийн тогтвортой ханган нийлүүлэгч болж өргөжин тэлжээ. 

Мөн 2025 онд тус компани “Цагаан алт” хөтөлбөрийн зээлд хамрагдан автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн ажлын арьсан бээлий, нурууны бүс, гагнуурын иж бүрэн хувцас, өвдгөвч, гутал, цүнх, түрийвч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх боломжоо өргөжүүлсэн байна. 

Даланзадгад сумын “Хасудбат” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганбат:

“Би анх хувиараа гар урлал хийж эхэлсэн. Харин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар үйл ажиллагаа минь өргөжиж, бизнесийн орчин сайжирсан. Хүү багатай, боломжийн нөхцөлтэй зээл бидэнд үнэхээр хэрэг болсон. Үйл ажиллагаа тогтворжиж эхэлмэгц “Оюу толгой” ХХК-тай хамтарч ажиллах болсон. Борлуулалтын орлогоороо ажиллах орчноо сайжруулсан. Одоо бид хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд ингэснээр ажилчдын хөдөлмөр хөнгөвчлөгдөж, цалин нэмэгдэх боломж бүрдсэн. Ийм дэмжлэгийн үр дүнд компани маань тогтвортой ажиллаж, орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна”

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих