All-in-One Solution

Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувийн хэвшлийг төрийн бодлогоор дэмжих шинэчлэлийн төлөвлөгөөг танилцууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас (ХХААХҮЯ) энэ сарын 13, 14-ний өдрүүдэд салбарын мэргэжлийн холбоодтой хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалтад хүнсний үйлдвэрийн болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын 20 орчим мэргэжлийн холбоод оролцож, хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогын шинэ шийдлүүдийг хэлэлцлээ.

Уулзалтад ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав, болон холбогдох албаны хүмүүс оролцож, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсон, хууль эрх зүйн шинэчлэлийн төслөө танилцууллаа.

ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчлэл: “Бичил” ангиллыг хуульчилна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр уулзалтын үеэр “Энэхүү хуулийн өөрчлөлтөөр үндэсний үйлдвэрлэгчдийн хүсэж байсан гол асуудлуудыг шийдвэрлэж байгаа бөгөөд үүнийг дагаад 10 гаруй хуульд өөрчлөлт орно” гэж хэллээ.

Хуульд:
– “Бичил” үйлдвэрлэл эрхлэгч гэх нэршлийг албан ёсоор оруулж, ЖДҮ-ийн ангиллын хязгаарыг 400.0 сая төгрөгөөс 10.0 тэрбум төгрөг байхаар төлөвлөж байна.
– Бичил үйлдвэрийг хөгжүүлэх сан болон ЖДҮ Корпорацийг байгуулж, санхүүгийн хүртээмжийг шатлан нэмэгдүүлнэ.

Хөгжлийн сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг дараах байдлаар тодорхой болгож байна:
Хүүгийн дээд хязгаар: 6%-иас ихгүй байх.
Үндсэн хөрөнгийн зээл: 8-аас доошгүй жилийн хугацаатай.
Эргэлтийн хөрөнгийн зээл: 5-аас доошгүй жилийн хугацаатай.

Үйлдвэрлэл эрхлэгчдийн хамгийн том асуудал болох ажлын байрны асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ:
– Үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар нэг удаа, тодорхой нөхцөлтэйгөөр газар олгох.
– Төрийн байгууллагууд шинэ байранд шилжих үед суларсан болон ашиглагдахгүй байгаа төрийн өмчийн барилгуудыг ЖДҮҮ эрхлэгчдэд ашиглуулах.

Бодлогын бусад зохицуулалт
Татвар ба НДШ: Хөгжлийн үе шатанд тохирсон ялгамжтай орчныг бүрдүүлж, эмэгтэйчүүд, залуучууд, ногоон бизнесийг тусгайлан дэмжих.
Кластер ба Түншлэл: Хооршоолсон ЖДҮ-г дэмжсэн томоохон ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлж, уул уурхайн болон томоохон компаниудын тендерийг нээлттэй болгох.
Сургалт, зөвлөх үйлчилгээ: Бизнесийн хөгжлийн шаталсан сургалт, инкубатор төвийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх.

Энэхүү уулзалтын үр дүнд төр, хувийн хэвшлийн түншлэл шинэ шатанд гарч, үндэсний үйлдвэрлэгчид тогтвортой өсөх эрх зүйн баталгаа бүрдэнэ гэж талууд үзэж байна.

Уулзалтаар салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, мэргэжлийн холбоодын зүгээс тулгамдаж буй асуудлаа танилцуулан, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо.

Уулзалтад оролцож буй мэргэжлийн холбоод:
– Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний холбоо;
– Хүнсний хувьсгал НҮТББ
– Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо;
– Монголын сүүний нэгдсэн холбоо НҮТББ;
– Исгэлтийн үйлдвэрлэлийн төв холбоо НҮТББ;
– Гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо ТББ;
– Монголын логистикийн холбоо;
– Монголын Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо;
– Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо;
– Монголын ресторан зоогийн газрын холбоо ТББ.
– Жижиг, дунд үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод:
– Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо;
– Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо;
– ”Бизнес өсөлт ТББ;
– Хөгжлийн шийдэл ТББ;
– Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
– Хувцас үйлдвэрлэл, оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих