
Монгол Улсаас Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаатай 2 орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсаныг толилуулж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 75 жил өнгөрсөн байна. Та хоёр орны харилцааны хөгжлийн өрнөлийн талаар товчхон танилцуулж өгнө үү?
Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс 1950 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. 75 жил гэдэг бол хоёр улсын уламжлалт харилцааг илэрхийлэх түүхэн цаг хугацаа.
Монгол Улс, Болгар Улс тус тусынхаа нийслэлд 1961 онд харилцан ЭСЯ нээсэн байдаг. Хоёр талын найрсаг харилцаа, итгэлцэл дээр эхэн үеэсээ суурилж, Монгол, Болгар Улс Элчин сайдын яамдын барилга барих газар харилцан өгч, одоогийн бидний ажлын байр, орон сууц бүхий цогцолбор Софи хот болон Улаанбаатар хотод баригдсан байдаг. Софи хотод 69 улсын Элчин сайдын яам байдгаас Орос, Хятад, Америк, Герман, Австри, Вьетнам, Турк зэрэг 10 гаруй улс л өөрийн эзэмшлийн байртай. Бусад нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж бас амьдарч байна. Өмнөх үеийнхний маань алсыг харсан холч ухаан, бодлого шийдвэр одоо ч үр шимээ өгсөөр байгааг биширдэг.
Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөсөөр ирснийг Монгол Улс, Болгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойг Софи хотод тэмдэглэх үеэр манай ЭСЯ-наас гаргасан харилцааны түүхэн өрнөлийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн үггүйгээр ихийг өгүүлж байлаа.

Болгарын тал Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр, Дорнодын махкомбинат, Улаанбаатарын “Дэвшил” САА-г барьж өгсөнөөс гадна Шарын голын жимс, ногооны үйлдвэр, Жаргалантын нуруунд Монгол-Болгарын хамтарсан үйлдвэр, Баянхонгор, Өвөрхангайн тоосгоны үйлдвэрт олон арван болгар мэргэжилтэн ажиллаж байсан.
Өнгөрсөн хугацаанд 800 гаруй оюутан Болгарын их, дээд сургуулиудад сурч төгсөн, 3,000 гаруй хүн мэргэжил дээшлүүлж, 100 гаруй хүн эрдмийн зэрэг хамгаалсан байдаг.
1960-аад оноос тасралтгүй хэрэгжүүлж ирсэн дээд болон өндөр хэмжээний айлчлалуудын үеэр байгуулсан хоёр талын хэлэлцээрүүд одоо ч ач холбогдлоо алдаагүй байгааг дурдмаар байна. Манай хоёр орны хамтын ажиллагаа хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарт өнөөг хүртэл хадгалагдан, үргэлжлэн хөгжиж байна.
Тус ЭСЯ-ны санаачилгаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Болгарын Үндэсний цахилгаан мэдээний агентлаг (БТА) хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг 2022 онд байгуулагдсаны үр дүнд Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн өрнөлийн талаарх мэдээ, мэдээлэл БТА-ийн цахим хуудсаар цацагдаж, улс орноо таниулан сурталчлах ажил эрчимжиж байна. 2025 он гарсаар монголын талаар 30 гаруй мэдээлэл цацагдаад байна. Эдгээр нь бидний харилцаа өмнөх уламжлалаа хадгалахын зэрэгцээ цаг үеэ даган өргөжин бэхжиж байгааг илэрхийлнэ.
Хоёр улсын улс төрийн харилцаа хэрхэн хөгжиж ирсэн бэ?
Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөсөөр ирсэн бөгөөд хоёр талаас харилцаагаа улам эрчимжүүлэх, цар хүрээг нь өргөжүүлэх сонирхол нэмэгдэж байна.
Тухайлбал, 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус улсад айлчилсан бол 1995-2016 онд Болгар Улсын Ерөнхийлөгч Ж.Желев, Г.Пырванов, Р.Плевнелиев нар манай улсад тус тус айлчилжээ. Парламентын түвшинд УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж 2003 онд Болгар Улсад айлчилсан байна. Болгар Улсын Ардын Хурлын Дэд Ерөнхийлөгч, Болгар, Монголын найрамдлын бүлгийн дарга Росица Кирова Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2024 онд зохион байгуулсан “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар оролцохын зэрэгцээ ажлын айлчлал хийлээ. Ийнхүү Болгар Улсын Ардын Хурлын Дэд Ерөнхийлөгч Монгол Улсад 15 жилийн дараа айлчлал хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэж байна.
Парламент хоорондын хамтын ажиллагаа бусад салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой үүрэгтэй. УИХ дахь Монгол, Болгарын парламентын бүлэг болон Болгарын Ардын хурал дахь Болгар, Монголын найрамдлын бүлэг энэ жилийн 4 дүгээр сард тус тус байгуулагдан, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан айлчлал хийхээр яриа хэлэлцээрүүд хийгдэж байна. Онцгойлон тэмдэглэхэд Болгарын Ардын хурал дахь Болгар, Монголын найрамдлын бүлэг 24 гишүүнтэй байгаа нь Монгол Улсын хууль тогтоох байгууллагатай хамтран ажиллах сонирхлын тод илэрхийлэл гэж үнэлж байна.
Бүгд Найрамдах Болгар Улс бол НҮБ-ын гишүүн, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагыг (OSCE) үүсгэн байгуулагч орнуудын нэг, Умард Атлантын Гэрээний байгууллага (НАТО)-ын гишүүн, Европын Холбооны гишүүн орон. Манай улсын “гуравдагч хөршийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, дипломат болон олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, ялангуяа манай улс, Европын Холбооны хамтын ажиллагаанд Болгар Улс гүүр болж оролцох боломжтой. Иймд бид Болгар Улстай найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлж, олон улсын түвшинд харилцан дэмжсээр ирсэн туршлагатай. Уг уламжлалыг баталгаажуулан бэхжүүлэх нь манай ЭСЯ-ны нэн чухал үүргийн нэг байдаг.
Болгар Улс 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Шенген бүсийн бүрэн гишүүн болсноор тус улстай хиллэдэг ЕХ-ны гишүүн орнууд хил дээрх хяналт, шалгалтын ажиллагаагаа цуцалж, чөлөөтэй зорчих болсон. Манай иргэд Болгар руу зорчихдоо Бээжин дэх тус улсын Элчин сайдын яам аль эсвэл Турк Улсын Истанбул хот дахь тус улсын Ерөнхий консулын газраас виз авдаг байсан.
Манай талаас Болгарын болон Шенгений визийг Улаанбаатар хотод өгдөг болох санал, хүсэлтийг Болгарын талд тогтмол тавьж ирсний үр дүнд энэ оны 4 дүгээр сараас эхлэн манай иргэд Болгарын болон Шенгений визийг Улаанбаатар хот дахь VFS Global төвд хандаж авдаг болсныг дуулгахад баяртай байна.
Монгол Улс, Болгар Улс хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж хир байгаа гэж та үзэж байна?
Болгар Улс Европын Холбооны гишүүн тул тус холбооны бусад 27 гишүүний адил худалдааны нэгдсэн бодлоготой. Европын Холбоо нь хөгжиж буй орнуудтай хийх худалдааг дэмжих хүрээнд хүний эрх, хөдөлмөрийн эрх, хүрээлэн буй орчин, сайн засаглалтай холбоотой олон улсын 27 конвенц хэрэгжүүлэх болзлыг хангасан, эмзэг эдийн засагтай орныг хөнгөлөлтийн ерөнхий схемд хамруулж, 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх шинэ хөнгөлөлт /GSP+/ бий болгосон.
Энэ хөнгөлөлтийн ерөнхий систем буюу “GSP+”-ийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх орны жагсаалтад манай улс 2006 оноос хойш ороод явж байгаа.

Монгол Улс Европын Холбоотой “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” 2017 оноос хэрэгжүүлж байгаа тул дээр дурдсан “GSP+” хүрээнд манай хоёр орны хувьд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх өргөн боломж байгаа. Эдгээрийг ашиглахад нэн чухал үүрэг гүйцэтгэх хоёр хэлэлцээрт миний бие Болгар Улсын Тээвэр, харилцааны дэд сайд Д.Недялковын хамт энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурлаа. Энэ нь “Олон улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” юм.
Эдгээр хэлэлцээрийг байгуулснаар манай ачаа, бараа бүтээгдэхүүний тээврийн болон худалдааны эргэлт нэмэгдэж, жолооч нарын аюулгүй байдал хангагдах, хууль, эрх зүйн хамгаалалтад орох боломж бүрдэх зэрэг олон талын хүлээлттэй байна. Агаарын хэлэлцээрийн үр дүнд Европын агаарын орон зайг ашиглах боломж бидэнд нээгдэнэ. Хэрэв та бүхэн санаж байгаа бол Ковид-19 цар тахлын үеэр агаарын хэлэлцээргүйн улмаас зарим орноос иргэдээ татах, эм, эмчилгээний хэрэгсэл тээвэрлэхэд хүндрэл учирч байсан. Цаашид гарч болзошгүй олон асуудлыг шийдвэрлэх боломжийг дээрх хэлэлцээрүүд бий болгох боломжтой гэж үзэж байгаа. Түүнчлэн Болгар Улс Хар тэнгисийн эрэгт байрлах Бургас, Варна хотуудад олон улсын нисэх буудалтай бөгөөд тэндээс Европ, Африкийн орнууд руу нислэгүүд үйлдэгддэг, жуулчдын урсгал их байдаг. Дээрх хотуудын нисэх буудалд түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, монголчууддаа аялал жуулчлалын шинэ маршрут нээх, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох боломжтой гэж харж байгаа.
Болгар Улсад жижиг, дунд үйлдвэр болон өрхийн аж ахуйн эрхлэлт эдийн засгийн хөгжилд нь чухал хувь нэмэр оруулдаг. Хүнс, хөдөө аж ахуй, барилга, тавилгын үйлдвэрлэл, мэдээллийн технологи, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын жижиг, дунд үйлдвэр тус улсын ДНБ-д 60%-ийг эзэлдэг. Иймд энэ чиглэлийн аж, ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах, туршлага судлах зорилгоор манай ЭСЯ санаачлан 2024 онд Монголын Жижиг, дунд үйлдвэрийн газар, Болгарын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих агентлаг нар хамтын ажиллагаа хэрэгжүүлэх тухай Санамж бичиг байгуулсан. Ингэснээр Европын Холбооны худалдааны хөнгөлөлтийг ашиглан бараа бүтээгдэхүүнээ, тухайлбал хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд Болгар Улсаар дамжуулан нийлүүлэх нь манай хувийн хэвшлийнхэнд илүү ойр, дөхөм байх болов уу.
Хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ, хамгийн ирээдүйтэй, боломжтой салбарыг нэрлэнэ үү?
2025 оны байдлаар манай улсын 1 компани (Буллмон-93), 5 компанийн төлөөлөгчийн газар (Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Алтайн хүдэр, Бета, Бишрэлт, Улаанбаатар Импекс) Болгарын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд бүртгэлтэй байна
Хамтын бизнесийн шилдэг амжилт бол Монголын “АПУ Дэйри” компани Болгар Улсын төрийн өмчит “ЛББолгарикум” компанитай манай Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2023 онд гэрээ байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүний шилдэг технологийг Монголд нутагшуулах чиглэлээр ажиллаж, тараг үйлдвэрлэн гурав дахь жилдээ орж байна. Манайх болгар тарагны хөрөнгийг ашиглах албан ёсны лицензтэй Азийн хоёр дахь улс болсон. Япон Улс Lactobacillus bulgariacus гэдэг бактери агуулдаг энэ таргийг анх авч хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг.
Хонь, одос үхрийн түүхий сүүгээр хийдэг болгар тараг нь дээрх ашигтай бактерийг агуулдгаараа дэлхийд алдартай бөгөөд болгарчууд урт насалдгийн нууцыг үүнтэй холбож тайлбарлах нь ч бий. Одоо Монголын сүлжээ дэлгүүрүүдэд борлуулагдаж буй “Болгар тараг” гэсэн шошготой бүтээгдэхүүн бол энэхүү хамтын бизнесийн бодит үр дүн юм.
Болгарын жижиглэнгийн худалдааны “Аванти-България” сүлжээ дэлгүүрт манай АПУ компанийн бүтээгдэхүүнүүдийг 2025 оны 1 дүгээр сараас эхлэн худалдан борлуулж байна.

Болгар Улсын нийслэл Софи хот дахь Азийн орнуудын Элчин сайдын яамд хамтран “Азийн фестивал” олон нийтийн үйл ажиллагааг жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулдаг. Манай ЭСЯ уг наадамд 2019 оноос хойш оролцож ирсэн. Мөн Софи хотноо жил бүрийн эхний улиралд “Holiday Spa&Inn” олон улсын аялал, жуулчлалын үзэсгэлэн болдог бөгөөд үүнд манай ЭСЯ 2022 оноос хойш 2 удаа оролцсон. Уг үйл ажиллагаануудын үеэр эх орноо таниулан сурталчлах зорилгоор бид соёлын өв, үндэсний бараа бүтээгдэхүүний дээжийг дэлгэн, монгол хоолны амталгаа явуулж, Монголын орчин үеийн хөгжил дэвшил, үндэсний ёс заншлыг харуулсан видео бичлэг толилуулдаг. Энэ үеэр манай улсыг ихэд сонирхож, Монголд аялах боломжуудын талаар асуулт тавьдгаас үзэхэд аялал жуулчлалын салбарт томоохон боломж байна гэж харагддаг. Балканы бүсийн хамгийн томд тооцогддог “Holiday Spa&Inn” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 200 гаруй Европын компани оролцдог. Иймд ирэх жилийн 2 дугаар сард болох “Holiday Spa&Inn” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай аялал жуулчлалын компаниуд оролцоно гэж найдаж байна.
Болгарчууд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг ихэд сонирхдог болсон. Тус улсад нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн хөгжсөн.
Цаг агаарын ижил төстэй нөхцөлөөс гадна болгарын чийглэг, өвөлдөө жиндүү байдаг онцлогт нийцүүлж өөрийн ноос, ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд ажиллах, туршлага судлах, хамтын үйлдвэрлэл хөгжүүлэх боломж байна гэж үзэж байгаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг