
“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т тэнцсэн эхний ээлжийн оюутнуудтай уулзалт хийлээ.
Хөдөө, орон нутгийн 1000 оюутанд Монголын тэргүүлэгч их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах боломжийг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон юм.

Тус тэтгэлэгт тэнцсэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын оюутнуудтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал болон холбогдох албаныхан уулзлаа.

Тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх, орон нутагтаа ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд орон нутагт манлайлан ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.
Суралцах сургуулиуд ба чиглэлүүд:
- МУИС – Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи
- АШУҮИС – Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй
- ХААИС – Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал
- ШУТИС – Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй биотехнологи, микробиологи, инженерчлэл
Тэтгэлэгт хөтөлбөрт эдгээр сургуулиудад элсэн заасан мэргэжлээр нэгдүгээр курсээ амжилттай төгссөн, орон нутагтаа эргэн ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нэн шаардлагатай боловсон хүчнийг орон нутгийн оюутнуудаас шалгаруулж байгаа юм.
Хөтөлбөрт жил бүр 100 орчим оюутныг сурлагын амжилтаар нь сонгон шалгаруулахаас эхний 40 оюутан тэтгэлэгт хамрагдаж байна.





